Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин эхнэрээсээ салсан тухайгаа олон нийтэд мэдэгдсэнээс хойших сүүлийн хэдэн өдөр эл сэдэв хэвлэлийнхний “унд хоол” болов. Кремлийн ордонд өнгөрсөн долоо хоногт “Эсмеральда” бүжгийн жүжиг үзэх үеэрээ тийнхүү зарлахдаа тэд ямар нэг тайлбар хийгээгүй юм. Харин Ерөнхийлөгч Путин мягмар гаригт “Russia Today” телесувгийн шинэ студид зочлохдоо гэр бүлийн хоёрын хэн хэнийх нь хүсэлтээр хамтын амьдралдаа цэг тавихар шийдвэрлэсэн гээд, анх сүмд ёсолж гэрлээгүй болохоор шашны талаас ямар нэг асуудалгүй хэмээн тодотгожээ.
“Хоёр тийш болохоор шийдсэнээ “шулуухан үнэнээр нь” хэлэх нь хамгийн зөв зам. Энэ бол ямар нэг юм нууж хааж байснаас хавьгүй дээр” гэж Ерөнхийлөгч өгүүлэв. Харин Путиний гэр бүлийн найз явсан гэх телевизийн хөтлөгч Ксения Собчак “Дождь” телесувагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Путин эхнэртэйгээ сүмд ёсолж, эр эм бололцсон. Тиймээс ч гэрлэлтээ цуцлуулсан нь түвэгтэй асуудал тарьж мэднэ” гэж дурджээ. Сэтгүүлч бүсгүй “Владимир Владимировичид гэр бүл салалт нь өөр маш чухал нэг шалтгааны улмаас таагүй байдал авчирч буй. Гэр бүлийн үнэ цэнэ хийгээд үнэн алдартны шашны үнэ цэнэт зүйлст суурилсан өвөг дээдсийн уламжлалт нийгмийг Орост сүүлийн жилүүдэд түүний хэрхэн ухамсартайгаар байгуулж буйг бид бэлхнээ харж байгаа.
Хамба ламтан Кириллийн байр суурьтай энэ өнөөдөр хэрхэн авцалдах болж байна вэ?” хэмээсэн асуулт тавьжээ. Бараг 30 жил ханилсан Владимир ба Людмила Мария (1985 онд төрсөн), Катерина ( 1986 онд төрсөн) гэдэг хоёр охинтой. Эдний гэр бүл олон нийтэд нээлттэй байх явдлыг таалдаггүйтэй холбоотойгоор Оросын Тэргүүн хосын гэр бүлийн амьдралыг тойрон оньсого таавар мэт мэдээлэл эргэлдэж ирсэн нь нууц биш.