Сүүлийн хэдэн жилд анх удаагаа хоёр Солонгосын хэлэлцээ энэ сарын 9-ны өглөө хил орчмын Пханмунжон гэдэг тосгонд эхэллээ. Урьд нь гагцхүү өндөр дээд түвшинд л яриа хэлэлцээ хийх нь зүйтэй гэж үзэж байсан Умард Солонгосын тал ажил хэргийн уулзалт хийхийг санал болгожээ. Тиймээс сайдын түвшинд хоёр талын уулзалтыг энэ сарын 12-нд зохион байгуулахад бэлэн хэмээн Өмнөд Солонгос хариу алхам хийсэн аж. Хэлэлцээний явцад аж үйлдвэрийн Кэсон цогцолбор, Кымгансан уулан дахь рашаан амралтыг сэргээн ажиллуулах, 1950-1953 оны Солонгосын дайны дараа хилийн хоёр талд салж үлдсэн гэр бүлүүдийг сэргээн тогтоох ажлыг үргэлжлүүлэх тухай ярилцах бололтой.
Умард Солонгос 2012 оны эцсээр баллистик пуужин харвасны дараа хоёр Солонгосын байдал хурцадсан юм. Хиймэл дагуул хөөргөхийн тулд л пуужин харвасан гэж Пхеньян мэдэгдсэн ч дэлхийн бусад орон энэ явдлыг цөмийн цэнэг хүргэх хэрэгсэл болох баллистик пуужин харвасан гэж үзсэн. Гэвч Солонгосын дайны дараа байгуулсан энхийн тухай гэрээг солих алхам болох энхийн хэлэлцээрийг Өмнөд Солонгостой хийхэд бэлнээ Умард Солонгос өнгөрсөн сарын эцсээр зарласан юм.
Р.ЖАРГАЛАНТ