Америкийн баримтат киноны найруулагч, тагнуул хийсэн, олныг хамарсан эмх замбараагүй явдал зохион байгуулсан хэмээн өмнө нь буруутгагдаж байсан Тимоти Трейсийг энэ сарын 5-нд эх орноосоо гаргаснаа Венесуэлийн Дотоод харилцааны сайд Мигуэль Родригес Торрес мэдээлжээ. Тэгэхдээ өмгөөлөгчийнх нь хэлснээс үзвэл Трейсийг буруутгаагүй аж. 35 настай Тимоти Трейсийг 2013 оны дөрөвдүгээр сард Каракасын нисэх онгоцны буудлаас явах гэж байхад нь баривчилжээ.
Түүнийг АНУ-ын ТТГ-тай хамтарч ажилласан, Засгийн газрынх нь эсрэг жагсаал хийж, олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээхэд оролцсон сөрөг хүчний залуучуудад мөнгө төлсөн гэж үзэж Венесуэлийн эрх баригчид буруутгаж буй юм. Тэгвэл Трейсийн ойр дотнынхон нь түүнийг Венесуэлийн сөрөг хүчин, социалист Засгийн газартай уг хүчин хэрхэн зөрчилдөж байдаг талаар баримтат киноны зураг авч байсан гэж мэдэгджээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 14-нд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дараа болсон эсэргүүцлийн жагсаал аяндаа улсын хэмжээний эмх замбараагүй явдал болон өргөжсөн юм. Эрх баригч намаас нэр дэвшсэн Николас Мадурогийн ялалтыг сөрөг хүчин нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг хүчнээс нэрийг нь дэвшүүлсэн Эн рике Каприлес болон түүнийг дэмжигчид сонгуулийн үр дүнг луйвардсан гэж эрх баригчдыг буруутгадаг.
Р.ЖАРГАЛАНТ