Хятадын эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд шинжээчдийн гайхлыг төрүүлсээр байна. Сүүлийн үеийн мэдээгээр бол дэлхийн худалдааны салбарт II дайнаас хойш тэргүүлж ирсэн АНУ-ыг өнгөрсөн онд Хятад давж гарчээ. Өнгөрсөн онд АНУ-ын экспорт, импортын нийлбэр нь 3.8 их наяд (2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний нь дөрөвний нэг орчим) доллар байсан бол Хятадынх мөн 3.8 их наяд долларт хүрч ДНБ-ий нь тэн хагасаас илүү гарсан байна. Хятад бүр 2009 онд л дэлхийн томоохон экспортлогч болсон аж. Харин импортлогчийн хувьд АНУ тэргүүлсэн хэвээр байна. 2012 онд Хятад руу 1.8 их наяд долларын бараа орж ирсэн бол АНУ 2.3 их наяд долларын барааг гаднаас авсан байх юм. Олон улсын худалдааны эргэлтэд улс орон нь улам бүр татагдан орж буйд Хятадын удирдлага тэгтлээ хөөрч догдлохгүй байна. Харин ч эсрэгээр дотоодын хэрэглээгээ ихээхэн хэмжээгээр өсгөхийг сонирхож буй юм. Энэ нь ул сынхаа эдийн засгийн байдлыг өөрчлөх, өргөн цар хүрээтэй хямралаас үүдэлтэй доргион чичиргээнд тогтвортой байдлаа хадгалах чадварыг нь нэмэгдүүлэхэд хэрэгтэй юм.
Хятадын Гаалийн ерөнхий газрын баримтаас үзвэл гадаад худалдааны хамаарал 2011 онтой харьцуулбал 3.1 хувиар буурчээ. Энэ үзүүлэлт 2011 онд 47 хувь байсан аж. Үүний зэрэгцээ экспортын хамаарал нь 24.9 хувь, импортын хамаарал нь 22.1 хувь хүртэл багассан байна. Гадаад худалдаанаас хамаарах байдал 2006 онд 67 хувь хүрч дээд цэгтээ тулснаас хойш тогтмол буурч байгаа аж. Энэ нь дотоод хүчин зүйлээс илүү хамааралтай байдаг хэлбэр рүү Хятадын эдийн засгийн өсөлт шилжиж буйн гэрч юм. Тэгэхдээ л Гаалийн ерөнхий газрын үзэж буйгаар энэ үзүүлэлт АНУ, Япон, Бразилийн гадаад худалдааны хамаарлын одоогийн түвшнээс үлэмж дээгүүр (30 хувь) байна гэсэн үг. Үүнээс үзвэл дотоодын хэрэглээг урамшуулах замаар гадаад худалдаа наас хараат байдлыг багасгах ихээхэн орон зай эдийн засагт нь байна. Хэрэглээний түвшин өсөж, бүтэц нь сайжрах байдал Хятадад ажиглагдах болов.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр бол Хятадын жуулчид 2011 онд гадаадаас худалдаж авсан барааны хэмжээгээр (72.6 тэрбум доллар) герман, америкчуудын дараа орсон байна. Энэ бүхэн нь эдийн засгийн өнөөгийн онцлогоос үүдэлтэй аюул, эрсдэлээс улс орноо хамгаалахыг хичээж байгаа Хятадын удирдлагын бодлогын нэг хэсэг нь юм. Хятадын удирдлага улс орноо одоогийн эхлэлийн үе шатаас тухайн үедээ Япон болон Европын орнуудад хийж чадсан шиг илүү өндөр түвшинд шилжүүлэхийг хүсэж байгаа аж. Тиймээс ойрын жилүүдэд улсынх нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох хоёр суурь асуудалд онцгой ач холбогдол өгч байна.
Нэгдүгээрт, хөдөлмөрийн нөөцийн өртгийн өсөлт, байгаль орчноо хамгаалах хэрэгцээ шаард лагаас үүдэн, түүнчлэн юанийн ханш дээшилж буйгаас Хятадын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа зарим хэсгийг хилийн чанад руу, Зүүн өмнөд Ази, Африк, бусад бүс нутаг руу зөөхөөс аргагүйд хүрч байна. Хятадын газар нутагт судалгаа шинжилгээний болон боловсруулах ажлыг хийж, үйлдвэрлэл, маркетингийг хилийн чанад руу шилжүүлэх зорилгоос улбаалж аж ахуй эрхлэн хөтлөх шинэ загвар бий болгох шаардлага гарч ирж байна.
Хоёрдугаарт, үйлдвэрлэгч гүрэн байхаа болж үйлдвэрлэгч хэт их гүрэн болох үйл явцыг Хятад түргэвчлүүлж байна. Хөрөнгө, техник, үйлчилгээний багтаамж сайтай салбарт үнэ, чанарын өндөр харьцаатай бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр хөгжүүлэхийг урамшуулах аргаар үүнийг хэрэгжүүлэх юм. Хятад улс Америк шиг болоход бэлтгэж байна. Энэ зорилгодоо хүрч чадвал дэлхий маань 180 градус эргэж, томоохон бараа үйлдвэрлэгч, шинэ санаа технологийг гаднаас авдаг байсан улс харин шинэ санааг гадагш гаргаж, бараа гаднаас авдаг болж хувирах юм.
Р.ЖАРГАЛАНТ