Үргэлжлэн орсон борооны улмаас Европын хэд хэдэн оронд үер болж байдлыг төвөгтэй болголоо. Чехэд хоёр хүн нас барсан тухай урьд нь мэдээлсэн. Тэгвэл даваа гаригт Австрид бас нэг хүн амиа алдсан байна. Чех, Австри, Германд нийтдээ найман хүн сураггүй болжээ. Чехийн эрх баригчид бараг бүх нутаг даяараа онцгой байдал тогтоов. Эндхийн 50 хотод үерийн аюул хамгийн их байгаа аж. Прагийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Чехийн төвийн нутагт бороо үргэлжлэн орсоор. Прагийн ойролцоо үерт автсан байшинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байж байгаад амиа алджээ. Сураггүй болсон хүмүүс дээр бас дөрвөн хүн нэмэгджээ. Үерийн учруулсан хохирлыг арилгахад арми нь тусалж байгаа гэнэ.
Чехийн Батлан хамгаалахын сайд Властимил Пицекийн хэлснээс үзвэл тэрбээр Ерөнхий сайд Нечастай хамт нисдэг тэргээр явж үерт автсан нутгуу дын байдалтай танилцжээ. Прага хот болон Чехийн дундад, өрнөд хязгаарт байдал нэн төвөгтэй байгаа аж. Австрид үерийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн сураггүй болжээ. Хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд буй гэнэ. Өрнөд нутагт төмөр болон автомашины зам ашиглахад бэрх болсон аж. Усархаг борооны улмаас Германы Бавари муж болон 10 хотод Германы эрх баригчид түг шүүр зарлав. Тюбингений тойрогт хоёр хүн сураггүй болжээ. Олон газрын сургуулийг хаав. Дунай, Инн, Ильц гурван голын уулзвар газар оршдог Пассау хот орчимд усны түвшин 11 метр хүрч, 2002 онд болсон “зуун жилийн үерийн” үзүүлэлтээс давж гарч магадгүй байгаа аж. Бавари мужийн 10 хотод онц байдал тогтоогоод байна. Үерийн аюулд өртсөн газрууд руу цэргийн албан хаагчдыг илгээхэд бэлэн гэж Канцлер Ангела Меркель хэлжээ. Байдал цаашид дордож ч болзошгүй гэж цаг уурчид үзэж байгаа аж.
Альпын нуруунд нэг ам км талбайд өдөрт 50-90 литр хур тунадас унаж байна гэнэ. Үерийн ус Мангфалль, Инн болон бусад голоор дамжин ойрын үед Дунайд цутгахыг цаг уурчид анхааруулсаар байна. Польшийн Дольношлен мужийн 23 сав газарт усны хэмжээ аюултай түвшинд хүрчээ. Тиймээс 11 районд аюултай байдал өндөржүүлсэн түвшинд хүрснийг зарласан байна. Мөн үерээс үүдэлтэй түймэр их гарч байгаа аж. Бороо мөд татрахгүй бололтой байна.
Р.ЖАРГАЛАНТ