Туркийн цагдаа нар тус орны янз бүрийн хотод болсон 90 жагсаал цуглаанд оролцогчдоос 1000 шахам хүн баривчилжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер телевизээр ийн хэлсэн байна. Баривчилсан хүмүүсийнхээ заримыг нь удалгүй сулласан аж.
Жагсагчид, цагдаа нарын хороонд болсон мөргөлдөөний улмаас 80 хүн хохирол амссан байна. Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган мэдэгдэхдээ жагсагчдын тавьсан шаардлагыг хангахгүй гэжээ. Тэгэхдээ цагдаа нар жагсагчдад нэлээд хатуу ширүүн хандсаныг хүлээн зөвшөөрсөн байна. Истанбулийн оршин суугчид Таксимын талбай болон Гезийн цэцэрлэгт хүрээлэнд барилга барих гэсэн эрх баригчдын төлөвлөгөөг эсэргүүцжээ. Энд худалдааны төв барьж, Османы эзэнт улсын үеийн цэргийн хуаранг сэргээхээр төлөвлөсөн аж. И
станбулд жагсаал тавдугаар сарын 31-нд эхэлж, яваандаа бусад хот, түүний дотор Анкарагийн оршин суугчид түүнтэй эв санаатайгаа илэрхийлж гудамжинд гарсан байна. Барилга барихыг жагсагчид эсэргүүцэхийн зэрэгцээ Засгийн газрын эсрэг чиглэсэн үг ч хэлж байжээ. Ерөнхий сайд Эрдоганыг ганцаар захирах, улс орондоо лалын шашныг хүчтэй болгох бодлого явуулж буй хэмээн буруушаасан аж. Гэлээ ч Ерөнхий сайдын хэлснээс үзвэл Таксим талбайг өөрчлөх, XIX зууны эцсээс XX зууны эхэн хүртэл байсан хуучин хуаранг сэргээх тухай шийдвэрээ Засгийн газар нь цуцлахгүй бололтой. Хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Олон хотод хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсээр, Засгийн газраа огцрохыг шаардсаар байгаа аж.
Анкара хотод жагсагчид Засгийн газар, эрх баригч намын байр руу дайрахыг оролдсоор байна. Гези гэдэг цэцэрлэгт хүрээлэн нь Истанбул хотдоо бараг цорын ганц “ногоон арал” юм байна. Уг нь бол Таксим талбайг өөрчлөх ажил нэг жил орчмын өмнөөс Засгийн газрын шийдвэрээр эхэлсэн аж. Жагсагчдыг тараах үедээ өнгөрсөн баасан гаригт цагдаа нар хэт хүч хэрэглэснээс улам ширүүссэн олон түмний дургүйцлийг дэврээхгүй байхыг эрх баригчид хичээж байна. Гэвч жагсагчид бусдыг өөрсөдтэйгээ нэг дэхийг уриалж, Засгийн газрыг огцортол тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлж байна. Тэгтэл Нью-Йоркод бас хэдэн зуун хүн Туркийн жагсагчдыг дэмжин цуглаж, Эрдоганы Засгийн газрыг огцрохыг шаардав.