Голландчууд май загасны борлуулалтын улирлын нээлтийг 14 хоногоор хойшлуулах шийдвэрт хүрчээ. Орон нутгийн “Dutch news” портал мэдээлснээр, энэ нь уг загасны амт чанарын шаардлага хангахуйц түвшинд хараахан хүрээгүй байгаатай холбогджээ. Өөрөөр хэлбэл, агнуурын компаниудын авсан эхний дээжээр далайн загасны “тарга тэвээрэг” гүйцээгүй байгаа нь тодорхой болсон аж. Май загас хэмжээний хувьд шаардлагад хүрсэн ч өөх тосны хатуу тогтоосон нормыг хангахгүй байгаа гэнэ. Тиймээс борлуулалтын улирлын гарааг чанаргүй загасаар тавьж, хэрэглэгчдийг гонсойлгох алхам хийж зүрхэлсэнгүй.
“Худалдан авагчдын сэтгэл ханамжгүй байдал бүхэл бүтэн улирлын турш алдагдал дагуулж мэднэ” хэмээн Май загасны бөөний худалдааны холбооны тэргүүн Никоде Йонг өгүүлжээ. Тиймээс Голландын Загас агнуурын яам арилжааны улирлын нээлтийг хойшлуулж, шинэхэн торх загасны дуудлага худалдааг зургадугаар сарын 19-нд хийхээр товлов. Өнгөрсөн онд май загасны эхний торх 95 мянган еврогоор зарагдан, дээд амжилт тогтоосон байна. Агнуурын загасны чанар муу байгаа нь цаг уурын тааламжгүй нөхцөлөөс үүджээ. Нарны гэрэл дутмаг, хүйтэн, бороо хоёр удтал үргэлжилсэн нь далай, тэнгисийн загасны хоол тэжээлийн гол эх үүсвэр болдог бичил организмын ургалтад сөрөг нөлөө үзүүлсэн аж.
Х.ЭНХ