Холокостын сэтгэл шимшрэм явдлыг даван туулсан еврей хүмүүст Герман улс тэр бум орчим доллар төлөх гэнэ. Еврейн Claims Conference байгууллагын ажилтнууд ХБНГУ-ын Засгийн газартай ярилцсаны дүнд ийн тохиролцсон аж. Төлбөрийг 2014-2017 онд хийж дуусгах юм байна. Тэр эмгэнэлт явдалд өртсөн 56 мянган ахимаг насны хүмүүсийн нийгмийн хэрэгцээг хангахад энэ мөнгийг зориулах юм.
2014 онд Германы Засгийн газар 185 сая доллар (142 сая орчим евро) шилжүүлэх юм байна. Цаашдаа төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ. 2015 онд 266 сая доллар (205 сая евро), 2016 онд 273 сая доллар (210 сая евро), 2017 онд 280 сая доллар (215 сая евро) зарцуулах аж. Ингээд нийтдээ 772 сая доллар болох бөгөөд энэ нь Германы эрх баригчидтай яриа хэлэлцээр хийж байж Claims Conference-ийн авахаар болсон хамгийн их мөнгө юм.
Харилцан тохиролцсоноор бол, мөнгийг янз бүрийн оронд байгаа тус байгууллагын данс руу хийх юм. Израильд энэ мөнгийг “Холокостод хэлмэгдсэн хүмүүст туслах сан” болон “Амха” зэрэг байгууллагыг санхүүжүүлэхэд зориулахаар төлөвлөж буй аж. Дээр өгүүлсэн 56 мянган хүнээс гадна тэр эмгэнэлт явдалд өртсөн 90 мянган хүн дэлхийн улсуудад амьдран суугаа бөгөөд тэдэнд Claims Conference байгууллага хүнс, эм өгч, олон нийтийн соёлын арга хэмжээ зохион байгуулах юм байна. Мөн хүүхэд байхдаа тэр явдалд өртсөн хүмүүсийн асуудлыг яриа хэлэлцээний явцад бас хөнджээ.
Дашрамд дурдахад Claims Conference байгууллагын ажилтан байсан Семен Домницер гэгч залилангийн аргаар Германы Засгийн газраас 57 сая доллар авчихсан аж. Түүнийг 2009 онд илчилсэн байна.
Р.ЖАРГАЛАНТ