Европын холбооны орнуудаас Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг үндсэндээ цуцлагдлаа. “Европын холбооны хувьд бүхэлдээ ийм арга хэмжээ авахгүй. Харин зарим нэг гишүүн, тухайлбал, Их Британи, Франц улсад ийм алхам хийх эрх нь нээлттэй” гэж “Та үгээ хэлнэ үү” хөтөлбөрийн шинжээч, араб судлаач Андрей Остальский үзэж байна. Гэхдээ өгч буй зэвсэг нь өөр хүний гарт орохыг үгүйсгэх аргагүй.
Ийм явдал Ливи, Югослав, Афганистанд тохиолдож байсан билээ. “Гэлээ ч Орос улс Асадын дэглэмийг зэвсэглэсээр байхад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг сунгах нь гарц биш учраас одоогийн нөхцөлд Европын холбоонд ч өөр зам алга” гэж шинжээч байр сууриа илэрхийлжээ. Сирийн сөрөг хүчин Өрнөдийн бүрэн хэмжээний зэвсэгт дэмжлэгийг горьдсоор нэг сарыг үр дүнгүй өнгөрөөж байгаа юм.
Английн Гадаад хэргийн сайд Уильям Хейгийн тэмдэглэснээр Асадын дэглэмийн эсрэг тулалдаж буй лалын радикал үзэлтнүүд сайн зэвсэглэчихсэн байхад Сирийн сөрөг хүчин гар хоосон шахам байгаа аж. Европын холбооны зүгээс шийдвэртэй алхам хийхийг хүлээж байсан Сирийн чөлөөт армийн тэргүүн Салам Идрис зэвсэг олгох тухай шийдвэр гаргаагүйд урам нь хугарчээ. Сирийн сөрөг хүчинд Европын холбооноос дорвитой дэмжлэг байхгүйгээс залуус нь хэт даврагчид руу хандахад хүрч, ингэснээр лалынхны байр суурийг хүчтэй болгож байна гэж Салам Идрис үзэж байна.
Дээр өгүүлсэн Андрей Остальскийн бодлоор Асадтай хэлэлцээрийн ширээнд суухыг Өрнөдөд хүсэхгүй байгаа болохоор Сирийн зөрчилдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх магадлал одоо тун бага байгаа аж. Тиймээс “Сирид зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригоо Европын холбоо цуцлах явдлыг Дамаскад өгч буй ээлжит дохио, улс төрийн дарамт шахалт болгох хэрэгтэй” гэж Остальский үзэж байна. Түүнчлэн Британи, Франц болон Европын холбооны бусад улс Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх ажил энэ оны зургадугаар сард Женевт болох тус улсын асуудлаарх ээлжит бага хурлаас наана эхэлж амжихгүй л болов уу гэсэн таамаглалыг Андрей Остальский хийж байна.