Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас тухайн хэсэг дэх 207 дугаар байр галд өртсөн юм. Уг орон сууцад 63 өрхийн 218 оршин суугч амьдарч байв. Байрыг нь битүүмжилсний улмаас тэд өдий хүртэл түрээсийн орон сууцад амьдарч буй аж. Оршин суугчид өнгөрсөн 10 сар орчмын хугацаанд байраа хүчитгэх үү, нураалгах уу гэдгээ шийдүүлэхээр төрийн шат шатны байгууллагад хандсан боловч албаныхан тодорхой хариу өгөлгүй өдий хүрсэн. Уг нь тэд байраа нураалгах бус, хүчитгүүлэх санал гаргаж байсан билээ. Харин нийслэлийн ЗДТГ-аас “Тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар орон сууцыг буулгаж, дахин барихаар боллоо” гэж мэдээлээд байна.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат үүний талаар “Чиглэл бүрийн зургаан байцаагч 207 дугаар байранд гүйцэтгэлийн хяналт шалгалт дахин явуулсан. Эл шалгалтын дүн өмнөхтэй адил байлаа. Тухайлбал, “207 дугаар байр нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлтийг барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч өнгөрсөн аравдугаар сарын 10-ны гаргаж, 25-нд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Үүний дараа барилгыг ашиглахыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна. Дэлбэрэлтээс үүдэлтэйгээр зарим давхрын бетоны хэв гажсан. Зарим хэсэг нь галын улмаас бат бэх шинж чанараа алдсаныг тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор тухайн байранд оршин суугчдаас санал авахад 91.3 хувь нь буулгахыг дэмжсэн” гэв.
Ташрамд дурдахад, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн сард “Иргэд зөвшөөрсөн тохиолдолд 207 дугаар байрыг нураах тендер зарлаж, ажлын 21 хоногт багтаан сонгон шалгаруулалт явуулна. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг байна гэж Барилгын хөгжлийн төвөөс магадалсан. Тухайн иргэн орон сууц ипотекийн зээлтэй бол бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр барьж, айлуудад хүлээлгэж өгнө гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлнэ” гэж байв.