Монголын багш нарын холбооныхон 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журмыг эсэргүүцэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Тус холбооныхон Боловсролын сайдын баталсан, багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны журмыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүргүүлжээ. Тэд “Эл журам нь багшийн нэр хүндийг унагаж, нийгмийн ашиг сонирхол, сурагчдын сурч боловсрох, хүүхдүүдийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн. Үндэсний боловсролын болон Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн агуулга зорилгод нийцээгүй хэм хэмжээг тогтоосон” зэрэг шалтгааныг дурдсан. Түүнчлэн “45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох нь эл мэргэжлийн үнэ цэн, үнэлэмжийг бууруулж байна. 45 хоног сургалтад хамруулсан хүмүүс багшийн орон тоог нөхөх боломжгүй” гэв.
Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Э.Чулуунцэцэг “Би боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн эрх зүйн орчныг судалдаг. Үүнийг зөвхөн судлаад өнгөрөх бус, бодит амьдралд хэрэгжүүлж үр дүнг нь үзэхээр ажиллаж байна. Маргаан дагуулаад буй эл журам батлагдсанаас хойш судлаачийн хувьд нэлээд шүүмжилсэн. 2023 онд шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуульд олон эерэг өөрчлөлт багтсан юм билээ. Гэвч багшийн эрх зүйн асуудлуудыг өмнөх хуулиас дордуулсныг нь ажиглалаа. Иймд багштай холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсэж байна. 45 хоногийн сургалтаар багш бэлтгэх жишиг дэлхийд байхгүй. Салбарын яамныхан нь 20 мянга гаруй багш мэргэжлээрээ ажиллахгүй байна гэх мэдээлэл гаргасан. Багш нар мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь нэгдүгээрт, цалин хөлстэй, хоёрдугаарт, багшийн бие даасан байдал алдагдсантай холбоотой” гэсэн юм.
У.ЦЭЦЭГСҮРЭН