“Оюуны давлагаа-2024” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцогчид “Зургаан жил хүлээсэн ч”, “Ногоон автобус”, “Сэхээтний сэхээрэл”, “45 хоногийн курс”, “Эзэнгүй пост”, “Утаагүй уушги” зэрэг сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн юм. 10 их, дээд сургуулийн 100 орчим оюутан оролцоход эдгээр сэдвийг улс төртэй холбон үзсэн нь хуруу дарам цөөн байв. Учир нь улс төрчдийг шүүмжилсэн агуулгатай сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхэд шүүгчид ихэд дургүйцдэг гэнэ. Зарим шүүгч өөрийн намыг дэмжиж буй оюутныг илүүтэй урамшуулдгийг тэнд байсан хүмүүс хэллээ. Үүнийгээ ч ил илэрхийлэх нь бий гэнэ. Нэгэн оюутан “Илтгэх урлагийн тэмцээний үеэр ногоон автобус, нүүрсний гэх хэрэгт холбогдсон ах, эгч нар бидний боломжийг хулгайлсан тухай үзэл бодлоо илэрхийлсэн юм. Гэтэл шүүгч “Би тэр ах, эгч нарын чинь нэг байна. Яасан бэ, дүү. Асуудал одоо байна уу” гэсэн. Түүнээс хойш төрийн байгууллагуудын зохион байгуулж буй тэмцээнд оролцохоо больсон” гэлээ.
Өөр нэгэн оюутан “Тэмцээнд оролцохын өмнө шүүгчээр хэн хэн ажиллаж буйг анхаарах хэрэгтэй болдог. Ингэхдээ аль намын гишүүн бэ гэдгийг нь олж мэдэх ёстой. Хэрвээ МАН-ын гишүүн шүүж байвал Монгол Улсад амьдрахад сайхан байгаа тухай л ярих болдог. Харин АН-ынх байвал болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийн талаар ярина. Гэвч бид үзэл бодлоо хэн нэгний аясаар өөрчлөхийг хүсэхгүй. Бусдад таалагдахын тулд үзэл бодлоосоо няцсанаас тэмцээнд оролцоогүй нь дээр” гэлээ. Ийм тохиолдлууд улсын болон нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход түгээмэл байдгийг залуус хэллээ. Уг нь Үндсэн хуульд “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” хэмээн заасан байдаг.
А.ҮҮЛ