Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын заагт малын гоц халдварт ямааны годрон өвчин гарчээ. Тиймээс тухайн бүс нутгаас мал, амьтан тээвэрлэж, худалдан авахгүй байхыг аймгийнх нь ЗДТГ-аас анхааруулжээ. Энэхүү өвчний тохиолдол манай улсад сүүлийн 40 жилд бүртгэгдээгүй гэнэ. Амьсгалын зам, техник хэрэгсэл, автомашины дугуй зэргээр халдварладаг эл өвчнөөр зөвхөн ямаа л өвчилдөг аж. Бусад төрлийн малд халддаггүй юм байна. Түүнчлэн бага насны ямаа илүү өвчлөмтгий байдаг гэнэ. Мөн янгир ямаа өвчилдөг. Бэлчээр, ус нэгтэй газарт халдвар богино хугацаанд сүрэгт тархах эрсдэлтэй. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан төст өвчин, цэцгийн вирусээр халдварласан тохиолдолд годронгоор давхар өвчлөх эрсдэлтэй аж.
“Өвчний нууц үе нь 3-10, зарим тохиолдолд 45 хоног үргэлжилнэ. Гол төлөв цочмог явцаар илэрнэ. Хуурай ханиалгаж, сүргээсээ хоцорно, хоол тэжээлийн дуршилгүй, амьсгалах нь хүнд, эмзэглэлтэй болж, улмаар биеийн халуун нь 41-43 хэмд хүрнэ. Цаашид амьсгалын замын эрхтний хямралын шинж улам тод илэрч, амьсгал нь хурдсан, эмзэглэлтэй, хүчтэй ханиалгана. Улмаар хөдөлж чадахгүй болж, зогсохдоо хөлөө солбин, толгойгоо унжуулах, амнаас нь хөөстэй шүлс, хамраас салс, идээт шингэн гоожно” гэж Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос мэдээлэв.
А.ҮҮЛЭЭ