-Дөрвөн замыг гэнэт хааснаас улаанбаатарчууд автобуснаас бууж алхлаа-
Хотын замын хөдөлгөөний ачааллын дийлэнх хувийг үүрдэг замуудыг гэнэт хаахаар бол иргэдэд ядаж гурав хоногийн өмнө хүртээмжтэйгээр мэдээлмээр байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын ээлжит нэгэн хүчирхийлэлд улаанбаатарчууд нийтээрээ өртсөн тул ингэж шаардахад хүрэв. Хотын өмнөд хэсгийн болон төв зам бүхэлдээ өчигдөр 07.00 цагаас эхлэн тэг зогслоо. Автобусанд суусан иргэд төд удалгүй бууж, машинтай нь ч аль боломжтой газарт тээврийн хэрэгслээ орхиод алхсан тухай яриа хаа сайгүй л өрнөв. Товчхондоо, хотын удирдлагын харалган шийдвэрийн балгаар нийслэлчүүд явгарч, Улаанбаатарт бүх нийтийн алхалтын өдөр “тохиолоо”. Нийслэлийн дөрвөн байршилд, гол хэмээн тодорхойлж болох замуудыг нэгэн зэрэг хаасан нь иргэдийг ийнхүү чирэгдүүлсэн юм. Үүнд Олимпын гүүр, Нарны гүүр, Нарны зам, Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв орчмын зам багтсан. Үүний улмаас хүүхдээ цэцэрлэгт хүргэхээр явсан, эмнэлэгт цаг авсан, шалгалт өгөх байсан, гадаад руу нисэхээр төлөвлөсөн гээд олон хүн цаг, мөнгөө гарздаж хохиров.
Иргэдийн амьдралын нэг цаг, минут, секундийг ч дарга нар “хулгайлах” ёсгүй. Тийм учраас олон нийтийн өдөр тутмын амьдрал, ажилд нөлөөлөх шийдвэр гаргах бол зайлшгүй урьдчилан мэдэгдэх ёстой. Олон улсад ч зам засахдаа иргэдэд аль болох хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр шийдэхийг эрхэмлэж байна. Сингапурт гэхэд шөнө буюу 00.00-05.00 цагт замаа засдаг. Ингэхдээ гурав хоногийн өмнө мэдэгддэг аж. Харин Улаанбаатар шиг “удаан”, зам дээр маш их цаг зарцуулдаг хотод бол дарга нар шийдвэрээ долоо хоногийн өмнө танилцуулсан ч болмоор. Гэтэл нийслэлийн ЗДТГ-ынхан зам хааж, түүнтэй холбоотойгоор автобусны чиглэлүүдийг өөрчилсөн тухай мэдээллээ өчигдөр 09.40 цагт буюу холион бантан, эмх замбараагүй байдал аль хэдийн газар авчихсаны дараа л цахим хуудсандаа оруулах жишээтэй.
Холбогдох хууль, журмуудад зам хаахдаа хэрэглэгчдэд “Урьдчилсан мэдээлэх хэрэгтэй” гэсэн ганц л заалт оруулсан байдгаас биш, яг хэд хоногийн өмнөх мэдэгдэхийг нарийвчлан тусгаагүй аж. Зөвхөн зам засах биш, цахилгаан хязгаарлахдаа ч олон нийтэд мэдэгдэлгүйгээр гэнэт тасалж, чирэгдэл учруулдаг нь газар авчихлаа. Гамшиг, осол зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл, төлөвлөгөөт урсгал засвараас бусад шалтгаанаар цахилгаан хязгаарласан тохиолдолд урьдчилан мэдэгдэх ёстой юм байна. Гэхдээ яг хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэх зохицуулалт бас л алга.
Гэтэл сонгуулийн өмнө бараг гудамжинд “амьдраад”, газар сайгүй яваад байсан хотын дарга Х.Нямбаатар хүлцлийн биш юм гэхэд хэрүүлийн үг ч цухуйлгасангүй. Яг л “Би сонгуульд ялсан, Засаг даргаар улиран томилогдсон. Одоо та нарын шүүмжлэл хамаагүй” гэж нийслэлчүүдээр тохуурхаад байгаа ч юм шиг. Түгжрэл, цахилгааны хязгаарлалтын улмаас өдөр болгон бухимдаж, буцалж яваа иргэдэд ядаж мэдээлэл өгч хайрла, дарга нар аа.
М.ОЧ