Нийслэлийн төв талбайд дугуй түрээсийн үйлчилгээ эрхэлдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Д.Сүхбаатарын талбайн урд хэсэгт өнгө өнгийн олон дугуй эгнүүлэн тавьжээ. Суудлынх нь тооноос хамаараад 5-10 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Зургаан хүний суудалтай том дугуйг 30 минут унахад 10 000, дөрвөн хүнийх нь 5000. Харин нэг хүний дугуйг 40 минут унахад 5000 төгрөг гэнэ. Ийнхүү төв талбайдаа дугуй түрээслэх үйлчилгээ явуулж буй нь олон хүний шүүмжлэлийг дагуулах болсон. Ялангуяа жуулчид, гадаадын иргэд үүнийг хараад нүд нь орой дээрээ гарах шахаж байна. Тухайлбал, нэгэн иргэн цахим хуудсандаа “Нэг герман хүн “Манай Берлиний парламентын ордны өмнө ийм олон дугуй эгнүүлж тавиад, зах шиг байхыг төсөөлж чадахгүй байна” гэсэн. Нээрээ л төв талбайнхаа урд бичил зах үүсгэж, түрээсийн дугуй унуулдаг газар манайхаас өөр хаана ч байхгүй” гэжээ.
Харин дугуй түрээсэлдэг иргэд энэ талаар ямар байр суурьтайг лавлалаа. Бас тэд холбогдох байгууллагуудаас ямар нэгэн зөвшөөрөл авсан, эсэхийг нь тодруулахад Д.Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээ эрхэлдэг иргэн Э.Халиунаа “Бид 2007 оноос хойш дугуй түрээсийн үйлчилгээ ажиллуулж байна. Цахилгаан машины тав, дугуйны зургаан айл нийлсэн нөхөрлөлтэй. Өрх толгойлсон 11 ээж үүгээр амьдралаа залгуулдаг юм. Хамгийн олон нь долоон хүүхэдтэй. Бид анх албан ёсоор зөвшөөрөл авдаг байсан. Нийслэлд хогны мөнгөө ч тушаадаг байлаа. Энэ жил ч бас биднийг зөвшөөрлөө ав гэсэн. Тэгээд л нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг 11 орчим газраар орсон. Ингэх бүрд тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг дарга мэднэ гээд л буцаадаг байв. Ингэж бие бие рүүгээ чихсээр сүүлдээ хэн нь ч мэдэхээ байчихсан юм. Сүүлдээ УИХ-ын сонгуультай холбоотойгоор хариуцсан хүмүүс нь солигдчихсон. Нийт 11 айл энэхүү хоршоололд багтдагаас өнөө жил долоо нь ажиллаж байна. Бид энэ жил парк шинэчлэл хийж, бүх унадаг дугуйгаа сайжруулсан. Тухайлбал, дөрвөн суудалтай дугуйгаа зургаа болгож томруулсан. Дугуйнуудаа БНХАУ-аас худалдан авсан. Ойролцоогоор нэг дугуй гурван сая орчим төгрөгийн үнэтэй. Бэлэн мөнгөнд ийм олон дугуй худалдаж авах боломжгүй учраас бүгд л банкнаас зээл хүссэн. Өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүдэд хүүхдийн 100 мянган төгрөг хаана нь ч хүрэлцдэггүй. Тиймээс энэ бол бидний үр хүүхдүүдээ тэжээх, хоногийнхоо хоолыг залгуулах гол зүйл” гэв.
Зөвшөөрөл аваагүй атлаа яаж төв талбайд түрээсийн үйлчилгээ эрхлээд байгааг нь асуухад “Бид дүүргийнхээ Засаг даргад үнэн учраа хэлж гуйсан. Бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийнхэнтэй хамтран ажилладаг. Ингэхдээ суррон, скүүтер унасан хүүхдүүд иргэдийг мөргөж, гэмтээх зэрэг ямар нэгэн зөрчил болоход мэдээлэх үүрэгтэй юм. Дугуй түрээсийн үйлчилгээнд иргэд ч ам сайтай байдаг. Бас бид эрүүл бие идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах аян зохион байгуулж буй. Үүний хүрээнд бид идэвхтэй хөдөлгөөн хийхээр ирсэн өндөр настнууддаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Ихэнхдээ хөл, өвдөгний хагалгаанд орсон хүмүүс ирж дугуй унадаг” гэв.
У.Цэцэг