Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг төлөөлөгч Г.Батсайхан даргалж, нийслэл, дүүрэгт хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай тогтоол батлав. Үүний дараа нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм.
Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн дундаж нас 40.8 бөгөөд 10 нь буюу 22.8 хувь нь эмэгтэй аж. Хамгийн залуу нь 30, ахмад нь 49 настай гэв. Олонх нь эрх зүйч, эдийн засагч, инженер мэргэжилтэй юм байна. Төлөөлөгчдийн 27 нь анх удаа, 13 нь хоёр дахиа, дөрвөн хүн гурав дахиа сонгогджээ. Мөн дөрөв дэх удаагаа сонгогдсон нэг, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төлөөлөгч ч бий гэнэ. Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлаар МАН-ын бүлэг хуралдаанаас түр завсарлага авсан. Эргэн хуралдахдаа нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг, ИТХ-ын даргаар А.Баярыг нэр дэвшүүлснээ танилцуулав.
Ингээд ИТХ-ын 86.6 хувийн дэмжлэгээр А.Баярыг сонголоо. Тэрбээр өмнө нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад дүүргээсээ сонгогдон, төлөөлөгч болсон аж. А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр нь саяхныг хүртэл ажиллаж байжээ. Тэгвэл Х.Нямбаатар хотын даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэх нь нэгэнт тодорхой боллоо.
О.Ундрах