Ардчилсан намаас орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын гишүүн Н.Ганибал мэдээллийн эхэнд “Энэ удаагийн сонгуульд Ардчилсан Нам маш амжилттай оролцлоо. Манай намынхан 21 аймгаас 8-д нь ялаад байгаа. 3 аймагт маргаантай байна. Нийслэлд нэг дүүрэгт ялсан. Мөн нэг дүүрэгт нэг саналын зөрүүтэй ялагдсан. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээлээ.
Аймгууд дээр сонгуулийн хорооноос түрүүлээд бусад намынхан мэдээлэл өгөөд төөрөгдөл үүсгээд байгаа. Бидний хувьд гурван аймаг дээр гар тооллого явуулж, маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүлээж байна.
Олон намаас олон нэр дэвшигч өрсөлдсөнөөс нийслэлд ялагдлаа. Зөвхөн Багануур дүүрэгт АН бусад намуудтай нэгдсэн. Харамсалтай нь 12:13 гэсэн харьцаатайгаар ялагдлаа. Тэгэхээр ер нь цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж сонгуульд оролцвол МАН-ыг ялж болохоор юм байна.
Нийт 330 сумаас АН одоогийн байдлаар 150 суманд ялалт байгуулаад байна. Энэ удаагийн сонгуульд ажиглагдаж байгаа нэг зүйл нь маш цөөхөн саналын тоогоор ялагдаж байна. Жишээ нь дөрвөн аймагт нэгийн зөрүүтэй саналаар ялагдсан. Энэ нь монголын ард түмний тэн хагас нь АН-ыг дэмжиж байгааг харуулж байна.
Намын дүрмээр орон нутгийн сонгуульд тухайн дунд шатны байгууллагууд хариуцлага хүлээдэг. Эцсийн дүн гарсны дараа тодорхой асуудал яригдана” гэв.