Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэд хэдэн ажил эхлүүлээд буй. Үүний хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг аймаг, сум, дүүргээр нарийвчлан гаргахаар болсныг тус яамнаас мэдээлэв. Өмнө нь хийж байсан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгаанууд хэт ерөнхий, зах зээлийн дагуу боловсон хүчин бэлддэггүй зэрэг шалтгаанаар хэрэглээнд төдийлөн нэвтрүүлдэггүй, ашигладаггүй байж.
Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг цаашид нарийвчилж хийхдээ аймаг, сум бүрд тохирсон загвараар боловсруулна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийнхэн хэлэв.
Учир нь ажил олгогч, иргэн, төрийн байгууллагын гурван талт уялдаа холбоог хангах, албан болон албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдгээрийн мэдээллийг нэгтгэн цэгцлэх зайлшгүй шаардлага үүсжээ.
Хөдөлмөрийн зах зээл өдгөө нэг талдаа ажилгүйдэл, нөгөө талдаа боловсон хүчний хомсдолтой байгааг албаныхан хэлж буй. Тиймээс дээрх институтийнхэнд өрхийн орлого, ядуурал, ажилгүйдэл зэрэг салбарын мэдээллүүдийг нэгтгэн судалгаа, төлөвлөлтөө бодитой хийх, боловсролын байгууллага, хөдөлмөрийн биржүүд, сум, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсүүдтэй уялдаа холбоогоо сайжруулах зэрэг үүргийг салбарын сайд өгчээ.
О.УНДРАХ