Их сургуулиудын эрэмбийг тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times higher education” байгууллагаас энэ оны дэлхийн чансааг өчигдөр танилцууллаа. Уг үнэлгээнд Монгол Улсаас анх удаа МУИС багтаж, 1501 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Энэ удаад 115 улсын 2000 сургуулийг эрэмбэлсэн аж. Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд “МУИС олон улсад эрэмбээ тогтоолгосноор дээд боловсролын салбарт томоохон үр дүн авчирна гэж харж байгаа. Төрийн болон хувийн их, дээд сургуулиуд олон улсад эрэмбээ тогтоолгох эхлэл нь энэ боллоо. Мөн гадаадын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломж бүрдэнэ. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хамтарсан өгүүлэл нийтлүүлэх боломж бүрдэнэ” гэжээ.
Дээрх байгууллагаас чансаагаа тогтоолгох хүсэлтэй их, дээд сургуулиудад хэд хэдэн шалгуур тавьдаг аж. Тухайлбал, багш, судлаачид нь жилд дунджаар 200 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байх ёстой гэнэ.
Эл эрэмбийг Оксфордын их сургууль ес дэх жилдээ тэргүүллээ. Удаах байрт Массачусетсийн технологийн их сургууль, Харвард, Принстон, Кеймбриж, Стэнфордын их сургуулийг нэрлэжээ. “Times higher education” байгууллагаас “Оксфордын их сургууль ес дэх жилдээ тэргүүлсэн нь сургалтын үйл ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарсаар буйг нь баталлаа. Массачусетсийн технологийн их сургууль хоёрдугаар байрт бичигдэж, зургаад эрэмбэлэгдсэн Стэнфордыг гүйцэж түрүүлэв. Хятад улсын их сургуулиуд эхний 10 байрт ойртож, судалгааны нөлөөгөө улам нэмэгдүүлж байна. Австралийн шилдэг таван их сургуулийн нэр хүнд буурсантай холбоотойгоор бүгдийнх нь чансаа доошилжээ. Шилдэг 200-д Бразил, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг гурван шинэ улс нэгдлээ” хэмээн онцолжээ.
МУИС-ийн хувьд заах арга барилаар 14.7, судалгааны орчноор 9.2, судалгааны чанараар 12.5, эрдэм шинжилгээний ажлуудын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үзүүлэлтээр 20.6 оноо авчээ. Мөн олон улсын хамтын ажиллагаагаар хамгийн өндөр буюу 51 оноо авсан байна. Харин тэргүүлэгч Оксфордын их сургууль заах арга барилаар 96.8, судалгааны орчноор 100, судалгааны чанараар 98.8, эрдэм шинжилгээний ажлуудын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үзүүлэлтээр 99.6, олон улсын хамтын ажиллагаагаар 97.3 оноо авчээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан төлөөлөгчид өнгөрсөн онд Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр “Times higher education” байгууллагын удирдлагуудтай уулзсан. Улмаар Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлүүлэх хүсэлт тавьж байсан аж. Мөн өнгөрсөн онд “Times higher education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч, дотоодын их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг анх удаа тогтоосон билээ. Уг эрэмбийг мөн л МУИС тэргүүлсэн юм.
А.ҮҮЛ