Боловсролын салбарт хувийнхаас гадна өөр нэг “анги давхарга” үүссэн нь лицей буюу ахлах сургуулиуд юм. Их, дээд сургуулийг түшиглэн бий болсон лицей сургуулиуд ямар үүрэгтэй вэ. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалт өгч, тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг. Тэгвэл лицей сургуульд сурснаар ямар давуу эрх эдэлдэг бол. Улаанбаатар хотод 14 лицей сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдний ес нь төрийн, тав нь хувийн өмчийнх. Тодруулбал, МУИС-ийн дэргэдэх “Байгаль эх”, МУБИС-ийн харьяа ерөнхий Боловсролын сургууль, Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль хичээллэж байна. Мөн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, АШУҮИС болон ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, “Коосэн” технологийн коллеж, СУИС-ийн харьяа “Бадмаараг” лицей сургууль тус бүр үйл ажиллагаа явуулж буй. Үүн дээр нэмээд “Мон-Алтиус”, Үндэсний биеийн тамирын дээд сургууль ахлах сургуультай. Түүнчлэн“Мандах” лицей сургууль гэж бий. Харин энэ хичээлийн жилд ХААИС болон Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургууль дэргэдээ лицейтэй болжээ. Эдгээр сургуулиас зарим нь бага болон суурь боловсрол эзэмшүүлж байна.
Харин бүгд бүрэн дунд боловсрол олгож байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас багш, суралцагчдын тоог лавлахад “Өнгөрсөн онд нийслэл дэх лицей сургуульд үндсэн багшийн орон тоонд 256 хүн ажиллажээ. Харин4503 хүүхэд суралцаж байна” гэв. Улсын хэмжээнд 4200 багш дутагдалтайг Боловсролын сайд өмнө нь мэдээлсэн. Энэ асуудал чмөн лицей сургуулиудыг тойрсонгүй. Тухайлбал, “Мон-Алтиус” ахлах сургуульд ердөө гурван багш үндсэн гэх статустай ажилладаг гэнэ. Харин хамгийн олон үндсэн багштай нь МУБИС-ийн харьяа лицей. Бидний хэлж заншсанаар Багшийн сургуульд өнгөрсөн онд 1119 хүүхэд суралцаж, 69 багш ажиллажээ. Суралцагчдын тоогоор их, дээд сургуулийг түшиглэсэн лицейнүүдийнтэргүүлэхүзүүлэлтньэнэ. Түүнчлэн ҮБХИС, АШУҮИС, МУИС, СУИС-ийн харьяа ахлах сургуульд дунджаар 400 орчим хүүхэд суралцаж буй юм. Бусад лицей сургууль 10-43 хүртэл тооны үндсэн багштай аж. “Их засаг” болон МУБИС-ийн лицей сургууль л бага боловсрол олгож буй.
Лицей сургуулиуд өөрийн “өмч”-ийн хүүхдүүдээ хавар бүртгэсэн тул өдгөө сургалтын үйл ажиллагаа нь жигдэрчээ. Хэд хэдэн сургууль руу холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм. Тухайлбал, МУБИС-ийн дэргэдэх ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил өнгөрчээ. Энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангийн1100 гаруй хүүхэд суралцаж байна. Сургалтаа эхлүүлэхдээ анх гурван зорилго тавьсныг тус сургуулийн захирал М.Мөнхбаатар хэлэв. Тэдгээр нь их сургуулийг түшиглэн доктор зэрэгтэй багш нарын ур чадвар, туршлагыг амьдралд нэвтрүүлэх, маш сайн багш нарыг бэлдэх, багшлах бааз суурийг бий болгох зорилготой байж. Гэвч энэ хугацаанд сурч төгссөн хүүхдүүдээс багш болсон нь тун цөөн гэнэ. “Манай сургуулийн төгсөгчдийн олонх нь гадаадад сурдаг. Үлдсэн нь багш мэргэжлийг сонгохгүй, ер сонирхдоггүй. Зарим нь АШУҮИС, ШУТИС-д суралцаж байгаа. Бид сайн багш бэлдэх зорилгодоо хүрч чадахгүй байна” хэмээн тэрбээр учирласан. Уг нь их, дээд сургуулийг түшиглэн байгуулсан лицей сургуулиуд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу сайн мэргэжилтэн“төрүүлэх” ёстой. Гэтэл харьяа дунд сургууль нь сайн багшийг багаас нь бэлдэх, их сургуульдаа “нийлүүлэх” үүргээ биелүүлж чаддаггүй нь харамсалтай. Ямар мэргэжил эзэмших, аль сургуулийг сонгож суралцах нь тухайн хүүхдийн эрх. Гэвч дотроосоо мэргэжилтнээ алдсаар байгаа нь багшийн хомсдол үүсэхэд нөлөөлж буй. Тус лицей сургуулийн сургалтын нэг жилийн төлбөр дөрвөн сая төгрөг. Энэ нь бусад сургуулийнхтай харьцуулахад багад тооцогддог гэнэ.
Боловсрол, эрүүл мэнд бол манай улсын гол салбар. Эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан бэлдэж буй төрийн өмчийн ганц сургууль нь АШУҮИС. Тус сургуулийн лицейд 10-12 дугаар ангийнхан суралцдаг. Тодруулбал, есдүгээр ангиа төгссөн хүүхдүүд шалгалт өгч элсэн суралцдаг юм байна. Нэг жилийн сургалтын төлбөр нь5.6 сая төгрөг. Гэхдээ энэ хэмжээний төлбөрийг гурван жил дараалан төлсөн ч АШУҮИС болон нэр хүнд бүхий их, дээд сургуульд шууд элсэн суралцана гэсэн үг биш. Ерөнхий боловсролын бусад сургуулийн сурагчдын адил монгол хэл, бичиг болон элсэлтийн шалгалт өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалтад өндөр оноо авснаар хүссэн их, дээд сургуульдаа элсэх боломжтой болох нь. Хэдэн арван сая төгрөг төлж, лицей сургуульд нь сурсан ч элсэлтийн шалгалтад бүдэрвэл их сургуулийн босго алхахгүй гэсэн үг. Ерөнхий боловсролын энгийн сургалттай сургуулийн хүүхдүүд ч хими, биологийн хичээлдээ дөнгүүр бол АШУҮИС-д зовохгүйгээр элсчих юм билээ. Эцэг, эхээсээ илүү зардал гарган сурчхаад харьяа сургуульд нь тэнцэхгүй бол ичгүүртэй байдалд орох тул хүүхдүүд ихэд хичээдэг аж. Төлбөртэй сургуульд л сургачихвал бүх асуудал цэгцэрнэ гэсэн үг биш ээ. Мөнгө төгрөг татах асуудал бишгүй. Тухайлбал, бүх сурагчийг сурах бичгээр хангаж чадахгүй байгааг эцэг, эхчүүд цахим орчинд шүүмжилсэн байв. Өөрсдийн номыг “шахах нь” гэж хардах хүн ч байсан. Өчнөөн сая төгрөгийн төлбөр төлчхөөд байхад нэмж татаас авахыг аав, ээжүүд эсэргүүцжээ. Эмч болохын тулд АШУҮИС-ийн лицей сургуульд элсэж, сайн сурсны хүчинд хүссэн мэргэжлээ эзэмшсэн талаараа Г гэх эмэгтэй бидэнд хуваалцсан юм.
Тэрбээр долоон жилийн өмнө АШУҮИС-ийн лицейд элссэн байна. Гурван жил хичээж сураагүй бол элсэлтийн шалгалтад ч бүдэрч мэдэхээр байснаа нуугаагүй. Эцэг, эх, асран хамгаалагчдаас нь сургалтын төлбөр авсны хариуд лицей сургуулийнхаа хүүхдүүдийг “харж үздэг” гэнэ. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалтад АШУҮИС-ийн босго оноог давсан сурагчдаас лицейн хүүхдүүдийг “түүж” эрэмбэлдэг аж. Энэ нь анагаахын чиглэлээр сурахаар горилогч бусад хүүхдийн боломжоос хумсалж буй үйлдэл юм. МУИС-ийн харьяа “Байгаль эх” лицей сургуульд 10-12 ангийн хүүхдүүд суралцаж байна. Математикийн хичээлээр шалгалт өгч тэнцсэн нь суралцах эрхтэй. Хими, физик, биологийн гүнзгийрүүлсэн сургалттай аж. Сурагчдыг байрлуулах байргүй учир орон нутгаас элсэлт авдаггүй гэнэ. Бусад лицей ч мөн адил дотуур байргүй тул сурагчид шаардлагатай тохиолдолд оюутны байранд амьдардаг байна. Хүүхдүүд амьдарч буй газар, байршлаасаа шалтгаалан тэгш бус боловсрол эзэмшиж буйн нэг илрэл энэ юм. Орон нутагт амьдардаг бол хүссэн чих, дээд сургуулийн харьяа лицей сургуульд суралцах боломж хомс байгаа нь харамсалтай. Сургалтын төлбөрөөс гадна байр түрээслэх зэргээр нэмэлт зардал гаргах нь. Энэ хэрээр лицей сургууль бүр сайн боловсрол олгодог уу гэвэл өрөөсгөл. Багшийн хомсдол ч ялгаагүй нүүрлэсэн. “Байгаль эх” лицей сургууль гэхэд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн математик, хими, физикийн үндсэн болон цагаар ажиллах багш авахаар зар оруулсан байна билээ.
Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн онд баталсан. Тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар хот болон орон нутагт байгаа салбарт нь түшиглэн шинэчлэн зохион байгуулж, цогц арга хэмжээ авахаар болсон. Ингэснээр төрийн өмчийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн статус тодорхой болох аж. Мөн байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн агуулгаар суралцагчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг бий болгохоор зорьжээ. Түүнчлэн улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн шаардлагатай инженер техникч, багш болон байгалийн ухааны өндөр мэдлэг ур чадвартай бусад мэргэжилтэн, судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхол бүхий иргэнийг “төрүүлэх” боломж бүрдэнэ гэж үзсэн байна. Харамсалтай нь, лицей сургууль төгсөгчдийн олонх нь элсэлтийн шалгалт өгөхгүй, олон улсын шалгалтын үнэлгээгээр дүйцүүлэн, гадаадад тэтгэлгээр суралцаж буйг багш, мэргэжилтнүүд хэлсэн. Дотоодын их, дээд сургуулиудаа үл тоодог бөгөөд гадаадад сурах нь тэдний гол зорилго болжээ.
ХувийнболонКэмбрижийнсургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мөн л гадаадад сурахыг илүүд үзэж буй. Хэд нь буцан ирж, сурснаа эх орондоо хэрэгжүүлж, мэдлэгээ хуваалцахыг таашгүй. Бариа нь үл мэдэгдэх боловсролын төлөөх марафонд лицей сургуулийнхан ч“уралдаж” эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Эрэлтэд дөрөөлж, мөнгө угаах нэг арга нь лицей сургууль болсон гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бага боловсрол олгож буй системд гажуудал үүсэж, боловсролын ялгаа өдрөөс өдөрт нэмэгдсээр. Энэ талаар ч боловсролын асуудал хариуцсан сайдаас нь эхлээд дээр, дооргүй ярих болсон. Хэдийгээр хүүхдээ хаана сургах нь тухайн хүний эрх ч өндөр төлбөртэй хувийн сургуулийг хэт шүтэх нь ирээдүйд баян, хоосны ялгааг гааруулж, дундаж орлоготой өрхөд санхүүгийн дарамт учруулах эрсдэлтэйг судлаачид хэлж байна. “Хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургахад баячуудад санхүүгийн асуудал тулгардаггүй. Харин дундаж орлоготой өрхүүд зээл авч, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхэд бүх насаа зориулж байна.
Ийм байдал нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанарт сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна орлого багатай өрхийн хүүхдүүд л улсынхад сурдаг гэх ойлголтыг олон нийтэд, тэр дундаа багачуудад өгч буй нь туйлын хор уршигтай” хэмээн “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн байр сууриа илэрхийлдэг. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Мөн манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод ч боловсролын асуудлыг тодорхой зааж өгчээ. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн сурч боловсрох эрхийг адил тэгш боломжийн үндсэн дээр хэрэгжүүлж, бага боловсролыг бүгдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэжээ. Гэтэл бодит байдалд иргэд хувийн болон лицей сургуулийг илүүд үзэж хошууран, боловсролыг өндөр үнээр худалдан авдаг болов. Үүнийг буруутгах үндэсгүй. Гэвч нийтээрээ чанартай, хүртээмжтэй, тэгш боловсрол эзэмшиж чадвал илүү гэрэлтэй ирээдүй угтах биз ээ.