Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдтэй хамтран булаг шандын эхийг хашиж хамгаалах нэгдсэн аргачлал боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр гадаргын усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, байгаль хамгааллын арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүн, малын усан хангамжийг сайжруулах нөхцөл бүрдэх гэнэ.
Аргачлалыг Монгол Улсын байгалийн бүс, бүслүүрийн онцлогт тохируулан ялгаатайгаар боловсруулах бөгөөд одоогоор тал хээр, говь нутгийн булгийг хашиж хамгаалах аргачлалыг гаргаад буй аж. Эл төсөлтэй холбоотойгоор булаг шандыг гэрчилгээжүүлэх, мониторингийн дэвтэртэй болгох асуудлыг ч судалж эхэлжээ. Уст цэгүүдийг мониторингийн дэвтэртэй болгосноор урсац, усны чанарын үзүүлэлт зэрэг шаардлагатай өгөгдлүүдийгцуглуулж, мэдээллийн нэгдсэн санд оруулах боломж бүрдэх нь.
Ж.СУВД