Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Хэрэгжүүлэгч байгууллагаар Үндэсний номын сан, Үндэсний музей, “Чингис хаан” болон Байгалийн түүхийн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран ажиллах аж. Эдгээр байгууллага долоо хоног бүрийн бямба, ням гаргийн 10.00-17.00 цагт гэр бүлд соёлын боловсрол олгох үйл ажиллагаа явуулах аж.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Уран зургийн галерейд “Агуу уран зураач” хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулжээ. Үүнд 100 гаруй хүүхэд оролцсон гэнэ. Мөн “Zaisan hill”-д амралтын өдрүүдэд “Номтой авдар” зөөврийн номын сан, монгол наадгай оньсон тоглоом, “Номын эмч” сургалт гээд олон сонирхолтой үйл ажиллагаа болох гэнэ.
А.ҮҮЛЭЭ