Бид Улаанбаатарыг “цементэн хот”, “бетонон ширэнгэ” гэж нэрлэдэг. Энэ нь тэнцвэргүй төлөвлөлттэй нь холбоотой. Тодруулбал, хотынхоо зай талбайг тэнцвэртэй, оновчтой ашиглахыг чухалчлалгүй хэт олон барилга, байгууламж барьснаас ингэж муугаар цоллуулахад хүрсэн. Дэлхий дахинд ч ийм “гуншинтай” хот цөөнгүй. Хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж, төвлөрөл эрчимжихийн хэрээр хэт их барилгажсан, тэнцвэргүй төлөвлөлттэй хотуудын эгнээ өргөжсөөр байгааг Хот, бүс нутгийн төлөвлөлтийн олон улсын нийгэмлэг (ISOCARP)-ээс мэдээлэв. Гэвч хотууд энэ сорилтыг хэрхэн эрсдэл багатай даван туулах, цаашид барилгажилтыг яаж хязгаарлах, эрүүл, аюулгүй орчныг ямар байдлаар цогцлоох вэ гэдэг чиглэлд ухаанаа уралдуулж, олон төрлийн санал санаачилга гаргах болжээ. Хот, суурин газрын төлөвлөлтөд хоёр зүйлийн харьцааг ихэд чухалчилж үздэг аж.
Энэ нь барилгажилт болон ногоон байгууламж юм. Тухайн хотын хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршлын онцлог, даац зэргээс хамааран эдгээрийн харьцааг харилцан адилгүй тогтоодог ч олон улсад мөрддөг нийтлэг стандартаар бол суурьшлын бүсийн 30-50 хувийг нь барилгажуулбал зохистой хэмээн үздэг юм байна. Үүнд орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжаас гадна зам, дэд бүтцийг ч багтаадаг. Харин ногоон байгууламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын зөвлөмжид тусгасны дагуу нэг хүнд есөн ам метрээс доошгүй ногдохоор, олон улсын хот төлөвлөлтийн зөвлөмжид заасанчлан нийт талбайн 20-30 хувьд төлөвлөхийг нийтлэг стандарт, зохистой хэмжээ хэмээн үздэг байх нь. Энэ харьцаа алдагдаад ирэхээр л орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн тэнцвэр хэлбийж, алдаатай төлөвлөлтөөс үүдэлтэй олон эрсдэлийг дагуулдаг ажээ. “Бетонон ширэнгэ” гэж муугаар цоллуулдаг хотуудын жагсаалтад БНХАУ-ын Шанхай, Хонконг, АНУ-ын Нью-Йорк, АНЭУ-ын Дубай, Филиппиний Манила, Сингапурын төв Сингапур, Тайландын Бангкок, Япон Улсын Токио, Катарын Доха ч орж байна. Бүгд л бидний сайн мэддэг, өндөр хөгжил, орчны төлөвлөлтөөр нь үлгэрлэдэг томоохон хотууд байгаа биз.
Гэвч эдгээр нь үсрэнгүй хөгжлийн сүүдэр болсон төвлөрөл, барилгажилт хэмээх толгойны өвчинтэй. Барилгажилт, ногоон байгууламжийн зохистой харьцаа нь хэдийн алдагдаж, дээрх стандартуудыг зөрчөөд буй. Тэглээ гээд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын асуудлаа “сул хаясангүй”. Харин ч илүү нягт нямбай болгох, алдаа дутагдлаа засаж залруулах оролдлогуудыг тасралтгүй хийж байна. Эцэс сүүлдээ энэ ажлаараа ч хоорондоо өрсөлдөх болж. Сингапур улс гэхэд 2040 он хүртэл барихаар төлөвлөсөн барилга, байгууламжийнхаа тоог 30 хүртэлх хувиар бууруулах, өндөр шалгуур тавих бодлого баримталж байна. Хотын төв хэсэгт нь сул зай талбай хомс тул барилга, байгууламжийн дээвэр, ханыг зүлэгжүүлэх, ургамалжуулах замаар ногоон байгууламжтай болгох, захын бүс нутгуудынхаа талбайг хамгаалан авч үлдэх, ойжуулалтын зорилгоор түлхүү ашиглахад анхаарч эхэлжээ. Үүндээ тулгуурлан “Ногоон барилга”, “Хөшгөн ойтой орон сууц” хэмээх санаачилга гаргаад буй. Нью-Йорк хот “High line” хэмээх төсөл санаачилж, хуучин төмөр замын шугамыг ногоон байгууламж бүхий, явган хүний зам болгох ажлуудыг олон газарт хэрэгжүүлжээ. Шоргоолжны үүр мэт олон давхар, тэнгэр баганадсан өндөр орон
сууцуудаараа алдартай Хонконг суурин газрынхаа талбайг илүү ухаалаг, хэмнэлттэй ашиглахын тулд “дээшээгээ хөгжих” бодлого баримталж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бага орон зайд илүү ихийг багтаах, төлөвлөх зорилготой. Үүнд нь ногоон байгууламж ч багтаж байна. Хонконгчууд барилгын дээврийг цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар ашиглах дэвшилт технологийг сайн нутагшуулжээ. Япон Улс үйлдвэржилтийн бүсүүдийг хүн амьдрахад таатай болгож, ногоон байгууламж, ландшафт төлөвлөхөд анхаарч буй аж. Түүнчлэн орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга, байгууламжуудын орчны бүс буюу тохижилт, ногоон байгууламж төлөвлөх орон зайг хамгаалахад ихэд санаа тавьж байна. Энэ мэтчилэн дурдвал хотууд суурьшлын бүсийн зай талбайн ашиглалтыг сайжруулах замаар барилгажилтыг хязгаарлаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарч буй жишээ олон. Үнэндээ өөр аргагүйд хүрээд байна шүү дээ.
Түүнчлэн үлгэр жишээ төлөвлөлтөөрөө үнэлэгддэг Австрали, Европын томоохон хотууд ч хүн амын эрчимтэй өсөлт, барилга, дэд бүтцийн хурдацтай хөгжлөөс “жийрхэж”, төлөвлөлтдөө онцгой анхаарч байна. Ялангуяа Амстердам, Копенхаген, Сидней, Мельбурн зэрэг хот явган хүн болон дугуйтай зорчигчдод зориулсан зам, талбай, ногоон бүс, паркуудыг нэмэгдүүлэх, хүн амынхаа тав тухыг хангахад их хэмжээний хөрөнгө зарж, үүнийг нийгмийн бодлогын тэргүүлэх чиглэлээ болгосон талаар Хот, суурин газрын институт (ULI)-ийн тайланд тэмдэглэжээ. Европын хотуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 10-15 ам метрээр төлөвлөдөг нийтлэг стандарт үйлчилдэг гэнэ. Одоогоор үүнийг Нидерландын Амстердам, Данийн Копенхаген хамгийн сайн хангаж, ногоон хотын жишээ болжээ.
Хотууд төлөвлөлт, газар ашиглалтдаа онцгой анхаарч, барилга, байгууламжийг хязгаарлахгүй бол ямар нөхцөл үүсэх вэ. Дээрх институтийн тайланд энэ талаар “Орчны эрүүл мэндийн үзүүлэлт буурч, тэгш бус байдал гаарна” гэжээ. Тодруулбал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж тэр хэрээр хумигдаж, хаана ажиллаж, аж төрж байгаагаас хамааран хүн амын дунд ялгаатай, тэгш бус байдал үүснэ гэсэн үг. Эрүүл, аюулгүй орчин гэдэг бол хүний анхдагч “гэр орон”, амьдралын чанарын гол үзүүлэлт. Тиймээс л энэ орчныг иргэдэд ээлтэй, оновчтой төлөвлөх нь хотуудын нэн тэргүүний зорилго, анхаарлын төвдөө байлгах асуудал болчхоод байна. Энэ үүднээсээ ирээдүйд бетонон бус, ногоон байгууламж илүү үнэ цэнтэйд тооцогдоно. Хотуудын хөгжлийг тэнгэр тэгнэсэн өндөр барилгаар биш, иргэдэд ээлтэй төлөвлөлтөөр нь хэмждэг болох цаг айсуй. Угаасаа ч олон улсад хотуудыг байгальд ээлтэй, ногоон гэдэг шалгуураар үнэлж дүгнэдэг, эрэмбэлэн жагсаадаг жишиг хэдийн тогтчихсон билээ.
Сүүлийн үед дэлхийн томоохон хотууд үерт автаж, их хэмжээний хохирол амссан тухай мэдээ байсхийгээд л дуулдах болсон. Энэ нь суурин газрууд хэт их бетон, цементэн “хучлага”-тай болсонтой холбоотой гэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж нэмэгдсэн нь үнэн ч хотуудын төлөвлөлтгүй, бодлогогүй, гамшигт тэсвэргүй байдал эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг байгаль орчин, цаг уурын байгууллагууд судалгаанд үндэслэн хөндөх болж. Барилга, байгууламж нэмэгдэх, цементэлсэн буюу тохижуулсан зам, талбайн хэмжээ суурин газарт тэлэхийн хэрээр хур тунадас, хөрсний ус байгалийнхаа жамаар шингэх нөхцөл нь багасаж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрсний өнгөн хэсэг, газрын гадаргад их хэмжээний илүүдэл ус хуримтлагдсанаар хот, суурин газарт үерийн эрсдэл нэмэгддэг юм байна. Манай улсын инженерүүд, экологичид ч сүүлийн үед үүний талаар ярьж, анхааруулж буй юм. “Бетонон хот”-уудын үүрч байгаа бас нэгэн балаг нь энэ аж.
Дээр дурдсан үзүүлэлтүүдтэй харьцуулаад үзвэл Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, нийслэлийн иргэдийн амьдрах орчин хэр хэмжээнд байгаа нь уншигч танд торох зүйлгүй төсөөлөгдөх болов уу. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн чухам хэдэн хувийг бетонон барилга, цементэн талбай эзэлж буйг нарийвчилж хэлэхэд бэрх ч явган хүн тайван, чөлөөтэй алхах орон зайгүй байгаагаас нь олон улсын жишиг стандартыг хэр зэрэг хол давсан нь баримжаалагдана. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ нь гэхэд дөнгөн данган 1-2 ам метрт хүрч буй. Дээр дурдсан хотуудаас ялгаатай нь манай нийслэлийг эзэлсэн энэ их барилга, байгууламж хурдацтай хөгжлийнх бус, авлига, газрын наймааны үр дүн юм. Алдаатай төлөвлөлтийн үр дүн гэж ч хэлж болно. Бас нэг том ялгаа нь бусад улс хот төлөвлөлтийн тэнцвэрийг хангахад гойд анхаарч, барилга, байгууламжийнхаа дээвэр, ханыг ашиглаад ч болов ногоон байгууламж бий болгож байхад манайх гаргуунд нь гаргачхаад байна. Хотын төвөө барилгаар дүүргэчхээд одоо төвлөрлийг задлах, шинэ суурьшил бий болгох нэрээр нийслэлийн захын бүс нутгууд руугаа ханцуй шамлан орж буй.