НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын агаарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишиг судалгааны дүнг танилцуулсан юм. Судалгааны эхэнд агаарын бохирдол нь цус харвалт, зүрх, судас, амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар, жирэмслэлт, түүнтэй холбоотой хүндрэл үүсэх, сэтгэхүйн хөгжилд саад учруулах зэрэгтэй салшгүй холбоотойг дурджээ. Мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дунд нас баралт нэмэгдэх гол шалтгааны нэг гэж үзэж буй. Гадаад болон дотоод орчны агаарын бохирдол нь Монгол Улсын хэмжээнд анхаарах гол асуудлын нэг гэдгийг онцолсон байна.
Манай улсын нөхцөлд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлж, үүний зардал, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг загварчилж гаргажээ. Тодруулбал, жил бүр гадаад орчны агаарын бохирдлын нөлөөгөөр 2839 хүн нас барж байна. Бохирдлын улмаас 269 сая ам.доллар буюу 905 тэрбум төгрөг (ДНБ-ий 2.4 хувь)- ийн алдагдал хүлээж буй аж. Харин дотоод орчны агаарын бохирдлын нөлөөгөөр жил бүр 4300 хүн нас барж буйг судалгаанд дурджээ. Үүний улмаас 3.9 их наяд төгрөг буюу Монгол Улсын ДНБ-ий 7.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээж байна. 2055 он гэхэд тодорхой арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулснаар 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас сэргийлж, 11 000 гаруй хүний амийг аварна гэх тооцоолол гаргажээ.
Тухайлбал, нүүрсэн галлагаатай зуухыг цахилгаан, эсвэл хийн эх үүсвэрээр солих, цахилгаан станцуудад технологийн шинэчлэл хийх, энгийн зуухны хэрэглээ болон зам, тээврээс ялгарч буй бохирдлыг бууруулах шаардлагатайг судалгаанд дурджээ. Түүнчлэн агаарын бохирдлыгбууруулахчиглэлээражилладаг талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, өрхийн эрчим хүчний хэрэглээг өөр эх үүсвэрт шилжихэд урамшуулах, хяналт, мониторингийг өргөтгөхийг зөвлөсөн байна.