Иргэд хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой олон санал, гомдлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа самар түүх хугацааг наашлуулах боломжтой, эсэхийг судалж тогтоох үүргийг Ойн газрынханд өгчээ.
Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг тухайн жилийн аравдугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр бүсчлэн тогтоож, 20-ноос түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Самрын болц эрт гүйцсэн үед холбогдох зохицуулалтуудыг хийсний үндсэн дээр салбарын сайдын тушаалаар энэ хугацааг наашлуулдаг билээ. Өнөө жил самрын болц эрт гүйцсэн тул тусгай зөвшөөрөл олгох хугацааг наашлуулах саналыг цөөнгүй аж ахуйн нэгж гаргажээ. Иймд энэ асуудлыг холбогдох байгууллагынхнаар судлуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.