“Хүйтний эрч удахгүй чангарах нь. Шинэ эсгий авч, гэрээ дулаалдаг юм уу. Түлээ түлшээ эртхэн бэлдчихвэл амар юм даа. Хүүхдүүдийн өвлийн хувцас багадаад энэ жил шинийг л авах хэрэгтэй бололтой. Автобусны хүрэлцээ муу хойно хүүхдүүдээ аваад сургууль руу алхах болно. Тиймээс дулаан гутал авч өгье. Утаа, түгжрэлийн учрыг яаж олж, зохицож амьдарна даа. Өвлийг яажшуухан давдаг юм билээ” гэх яриа нийслэлийн нэгэн айлд өрнөж байв.
Хүйтний эрч наашлах дөхөж, айл өрхүүд дор бүрнээ л бэлтгэлээ хангаж байна. Үүнтэй зэрэгцэн албаныхан өвлөөс өмнө гэсэн уриан дор олон ажлыг ид өрнүүлж буй. Улаанбаатарчуудад жил бүрийн арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл ямар асуудлууд тулгамддагийг уншигчид хэлүүлэлтгүй мэдэх болов уу. Энэ жил эдгээр асуудлаас сэргийлэх бэлтгэлээ холбогдох байгууллагууд хэрхэн базааж буйг тодруулахыг зорилоо.
АВТОБУСНЫ ХҮРТЭЭМЖ САЙЖРАХ УУ
Нийслэлийн иргэдэд тулгамддаг асуудлуудын нэгт автобусны хүртээмж зүй ёсоор багтана. Нийтийн тээврийн салбарынхан парк шинэчлэлтийнхээ хүрээнд энэ онд шинэ600 автобус үйлчилгээнд нэвтрүүлсэн. Уржигдрын 12.00 цагийн үед нийтийн тээврийн 1182 хэрэгслээр иргэдэд үйлчилжээ. Энэ нь өмнөх онуудынхтайгаа ойролцоо тоо юм. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас ойрын хугацаанд парк шинэчлэл хийх, эсэхийг, бас ирэх өвөл автобусны хүртээмж ямар байхыг тодруулахад “Өвлийн цагийн хуваарийн дагуу 05.40-22.00 цагт автобусаар иргэдэд үйлчилж байна. Одоогоор үйлчилгээнд 1200 автобус явуулж буй. Энэ он дуусахаас өмнө угсраа автобус оруулж ирэхээр төлөвлөсөн. Хэзээ, хэдэн тээврийн хэрэгсэл оруулж ирэхийг нийслэлийн ЗДТГ-аас шийднэ” гэсэн юм. Улаанбаатар хотод 280 мянга гаруй өрх гэр хороололд оршин суудаг гэх судалгаа бий. Гэр хорооллын айлуудын түлшийг тасалдуулахгүй байх нь өвлийн бэлтгэлийн чухал хэсэг нь. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой түлш” компанийхнаас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84 076 тонн шахмал түлшний нөөцтэй. Түлшийг 27 компанийн 200 машинаар өдөр тутам тээвэрлэж байна. Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдтэй гэрээ байгуулах явц 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа. Худалдан борлуулах цэгийн тоог энэ жил нэмнэ” гэсэн юм. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Түвшин “Манайх хүйтэн өдөр хоёр шуудай түлш хэрэглэдэг байсан. Сайжруулсан түлш илч сайтай, дулаанаа удаан хадгалдаг. Шөнө хийсэн нүүрс өглөө гэхэд бүрэн шатдаг. Гэхдээ сайжруулсан түлшний үнс муухай үнэртэй, нунтаг, бужигнасан байдаг юм. Бас тортог ихтэй, зөөж тээвэрлэхэд хүндрэлтэй. Сайжруулсан түлш борлуулах цэг манайхаас бага зэрэг зайтай. Тиймээс үргэлж машинтайгаа очиж авдаг. Автомашингүй бол хүйтэн, халтиргаатай зам дээр нүүрсээ тэргэнд ачаад явах нь хүндрэлтэй” хэмээв.
ДАВС НЭМЖ АВАХААР ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан урьдчилсан төлөвөөс үзэхэд энэ өвөл цас ихтэй, хүйтэн байх нь. Цас ихээр орох үед нийслэл хотын авто замд халтиргаа гулгаа үүсэж, тэр хэрээр осол, гэмтэл ихэсдэг. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн ачааллаа даахгүйд хүрч, халтирч унахаас хэрхэн сэргийлэх зөвлөмж гаргаж байсан билээ. Тиймээс нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, давсны нөөцийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Энэ зун бороо, хур тунадас их орсон учраас өвөлдөө ахиу цас орох төлөвтэй байна. Гэхдээ давс, бодис хангалттай нөөцөлсөн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг тухайн жилийн хавар хийж эхэлдэг юм. Манай байгууллага хавраас эхлэн гэрээт байгууллагатайгаа хамтраад давс татах, цас цэвэрлэгч машин бэлтгэх зэрэг ажлаа амжуулсан” гэв. Тохижилт үйлчилгээг дүүргүүдэд хариуцуулсан болохоор нийслэлийн Хот тохижилтын газрынхан 16 км замын цэвэрлэгээ арчилгааг хийдэг аж. Эл байгууллага энэ жил 300 тонн давс, 780 орчим тонн бодис нөөцөлжээ. Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад манай ачаалал харьцангуй багассан. Дүүрэг бүр өөрсдийн харьяалах хэсгээ хариуцан ажилладаг болсон. Тиймээс аравдугаар сард их хэмжээний цас орсон ч хангалттай нөөцтэй учраас хүндрэлгүй давж чадна. Гэхдээ давс нэмж авахаар тендер зарласан. Харин бодисын хувьд хангалттай. Цаашид цас их орвол давс, бодисоо нэмж худалдан авна. Гэвч зөвхөн бодис, давс цацаад л халтиргаа, гулгааг бүрэн арилгана гэж ойлгох нь өрөөсгөл. Тиймээс нийтийн эзэмшлийн зам, талбайд цас их хэмжээгээр тогтвол ойролцоох аж ахуйн нэгж, байгууллагууд цас цэвэрлэх ажилд сайн дураараа оролцох хэрэгтэй” гэж ярилаа.
АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗРЫНХАНД ШИЙДЭЛ АЛГА
Өвлийн улирал дөхөхөд нийслэлд тулгамддаг асуудлуудын тэргүүнд агаарын бохирдол зайлшгүй багтана. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхнаас тодруулахад “Одоогоор өвөлжилтийн бэлтгэл хэдэн хувьтай үргэлжилж байгааг хэлэх боломжгүй. Манай байгууллагаас энэ сарын 18-19-нд “Ногоон технологи-2024” өдөрлөг зохион байгуулна. Эл өдөрлөгт нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, яам болон төрийн бусад байгууллагынхан оролцох юм. Уг өдөрлөгийн үеэр иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, өнөө жилийн өвөлд хэрхэн бэлтгэх талаар санал солилцоно” хэмээв. Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлдэг гэх судалгаа бий. Энэ нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн24 хувийнх нь шалтгаан болдог аж. Гэтэл агаарын бохирдол эрчимтэй нэмэгддэг улирал хаяанд ирсэн байхад холбогдох байгууллагынхан нь одоо хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахаа мэдэхгүй, төлөвлөгөө боловсруулаагүй, энэ мэт тайлбараар ам таглаж буй нь харамсалтай. Улаанбаатарын зарим авто замыг хэсэгчлэн хааж, зам болон дулааны шугам сүлжээгээ засаж шинэчлэх ажил өдгөө ч үргэлжилсээр. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Эдгээрээс долоодугаар сарын 22-нд 45 хувийг гүйцэтгээд байв. Харин 10 хоногийн өмнө энэ тоо 80 хувьд хүрчээ. Төлөвлөгөөний дагуу бол засварын ажлуудыг аравдугаар сарын дунд үед дуусгах төлөвлөгөөтэй ч хугацаанаас нь өмнө амжуулахаар шаардаж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ, Эрчим хүчний яамнаас дулааны шугам, сүлжээний ажил гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа аж. Мөн дээрх ажлуудаас шалтгаалж нийслэлийн зарим хэсэгт халуун ус удаан хугацаанд хязгаарласаар буйг иргэд шүүмжлэх болсон. Өдгөө үргэлжилж буй засвар шинэчлэлийн ажлуудыг энэ сарын 15-нд дуусгахыг холбогдох байгууллагууд гүйцэтгэгч дээс шаардсан аж. Засварыг аль болох богино хугацаанд чанартай гүйцэтгэж, өвлийн улиралд тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдгаас энэ жил 18 байршилд 15.6 км-ийг нь шинэчилсэн байна. Нийслэлд өнөө ашиглаж буй шугам сүлжээ нь 30-60 жилийн насжилттай төдийгүй дулааны хэрэглээ өсөж буйтай холбоотойгоор өргөтгөх хэрэгцээ ч тулгарсаар байдаг юм.
А.ТЭМҮҮЛЭН, У.ЦЭЦЭГСҮРЭН