Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины гол байршил нутаг болох Харнууд хэмээх газарт 200 литрийн багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ. Ингэснээр тухайн бүсэд нутагладаг зэрлэг амьтад, ялангуяа Монгол орны хэмжээнд ховорт тооцогддог аргалийн сүрэг ундаасаж харангадах эрсдэлээс хамгаалагдаж буй гэнэ.
Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох Мянган угалзатын нуруу нь Алтайн аргаль, угалзын цөм нутагт тооцогддог, ховор амьтан, ургамлаар баялаг экологийн гойд ач холбогдолтой бүс юм. Гэвч тухайн газарт зэрлэг амьтдын бэлчээрт ойр, хангалттай хэмжээний нөөцтэй уст цэг байдаггүй аж. Тиймээс дээрх захиргааныхан хөв цөөрөм байгуулжээ. Байршлыг нь сонгохдоо аргаль, угалз хавар, намрын улиралд тархан байршдаг бэлчээр газарт ойр байх шаардлагыг чухалчилжээ.