Авлигыг үл тэвчих тухай агуулгыг аравдугаар ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт оруулахаар төлөвлөж буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээлэв. Авлигатай тэмцэх газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай хичээл боловсруулж, орон нутгийн болон нийслэлийн 16 сургуульд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Эл хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд үр дүнтэй нь туршилтаар батлагджээ.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд авлига, түүний хор уршгийг таниулахад чухал ач холбогдолтой. Тиймээс уг ажлыг яамны зүгээс дэмжиж, хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Иймд дээрх агуулгыг сурах бичигт тусгаж, ээлжит хичээлийн гарын авлагыг сургуулиудад хүргүүлэхээр боллоо.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн есдүгээр зорилтод “Бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх агуулга, сэдвийг олон улсын туршлага, үндэсний онцлогт нийцүүлэн тусгаж, дүн шинжилгээ хийж, үр нөлөөг үнэлнэ” хэмээн заасан байдаг. Мөн бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлж буй “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт хийж, цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү боловсронгуй болгохоор төлөвлөж буйг УОК-оос өчигдөр мэдээллээ. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 12 881 дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан хүлээн авчээ. Тэдгээрийн улмаас 2702 хүн нас барж, 111 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Иймд аюул ослоос хэрхэн сэргийлэх, бусдыг авран хамгаалах талаар эл хөтөлбөрт тусгах аж.
А.ҮҮЛ