Сурагчид аюултай, бартаа саад ихтэй замаар сургуульдаа явж байгаа талаарх мэдээлэл хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед олон нийтийн анхаарлын төвд байна. Орчны аюулгүй байдлыг хангах, ялангуяа хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар албаныхан байнга ярьдаг ч бодит байдал дарга нарын амлалтаас тэс өөр гэдэг нь яах аргагүй үнэн.
Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайдын өчигдрийн шуурхай хуралдаанаар хүүхдийн сургуульдаа явах зам, орчныг аюулгүй болгоход анхаарах талаар хэлэлцжээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор уг ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх үүргийг сайд П.Наранбаяр холбогдох албаныханд өгсөн байна. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг энэ сард багтаан хоёр ээлжид шилжүүлэхийг салбарын сайд Боловсролын ерөнхий газрынханд үүрэгджээ. Одоогоор найман сургууль гурван ээлжээр хичээллэж буй гэнэ.