Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ агуулгуудыг тусгахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Боловсролын яам хамтран ажиллаж байгаа аж. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд дэлхий даяар онцгой анхаарч байна. Тэр дундаа байгаль хамгааллыг улс орны хөгжил дэвшлийн тэргүүлэх асуудал гэж дэлхий нийт үздэг боллоо. Бид энэ жишгээр байгаль хамгаалалд анхаардаг, хүүхэд, залуустаа энэ талаар ойлгуулж, мэдүүлэхийг зорьдог байх ёстой.
Жишээлбэл, өнөөдрийн байдлаар манай орны нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг байдлаар цөлжиж, доройтоод байна. Энэ бол анхаарахгүй байхын аргагүй тоон үзүүлэлт. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам цаашид хүүхэд, залууст экологийн боловсрол олгохыг бодлогынхоо гол цөм болгож ажиллана. Байгалиа хамгаалах нь нэг яам, байгууллагын ажил биш. Тиймээс энэ чиглэлийн ажилд хүүхэд, эцэг, эх, багш, сургуулийн захиргаа, яам, тамгын газар гээд иргэн бүрийн, бүх талын оролцоог ижил түвшинд хангахыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ жилээс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой агуулгыг оруулахаар ажиллаж эхэллээ” гэв.