Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Риверстөүн пропертийз” компани их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөц үнэгүйдүүлж байгаа талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас удаа дараа мэдээлж, тус аж ахуйн нэгжид хууль бус үйл ажиллагаагаа зогсоох, дүгнэлт, зөвшөөрөлгүй ус ашигласан нөхөн төлбөрөө барагдуулах шаардлагыг хүргүүлсэн. Гэвч тус компани Усны газраас хүргүүлсэн шаардлага, нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэлгүй, бусад хууль, журамтай зөрчилдсөн гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн юм. Тэгвэл эл хэргийн шүүх хурал нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр анхан шатны журмаар болж, “Риверстөүн пропертийз”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр таван удаа хойшилсон шүүх хуралд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон, Усны газрын дарга З.Батбаяр “Риверстөүн пропертийз” компани болон Худалдаа хөгжлийн банк нийгмийн болон эрх зүйн хариуцлагаа ухамсарлаж, хөрсний усыг их хэмжээгээр шавхдагаа зогсоон, нийслэлд усан сан байгуулах ажил хийх хэрэгтэй. Тус барилгын компани 2021 оны зургаадугаар сараас хойш 6.5 сая шоо метр ус хууль бусаар шавхаж, хий дэмий урсгасан. Өдий хүртэл урсгаж хаясан усныхаа 20 шахам тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулахыг шаардаж байна. Одоо барилгын ажлаа зогсоосон гэнэ. Тэгвэл ус шавхахаа ч мөн зогсоох хэрэгтэй. Барилгын компаниудаар хөрсний ус шавхуулахгүй байх, аргагүй тохиолдолд зөвшөөрлөө аваад, төлбөрөө төлж ашигладаг, шавхсаныг нь үр ашигтай зарцуулдаг зарчимд шилжих цаг ирсэн” гэлээ.
Нэхэмжлэгч тал давж заалдан, шүүх хурал урт хугацаагаар сунжирвал хий дэмий урсгаж буй хөрсний ус тэр хэмжээгээр нэмэгдэхийг тэрбээр сануулав. Ташрамд дурдахад, “Риверстөүн пропертийз” нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд групп”-ийн хамаарал бүхий компани бөгөөд өдгөө барилга барьж буй газартаа 2021 оноос хойш 22 хийн шахуурга (насос) тасралтгүй ажиллуулж, зургаан сая орчим шоо метр буюу нийслэлчүүдийн хоёр сарын усны хэрэглээтэй тэнцэхүйц нөөцийг үнэгүйдүүлж, асгаад байгааг дээрх газраас мэдээлсэн билээ.