Монголын хүүхдийн урлан бүтээх төв хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж , мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр, гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор жил бүр үнэ төлбөргүй сургалт явуулдаг уламжлалтай билээ. 2024-2025 оны хичээлийн жилд дүрслэх урлаг , гар урлал, техник, технологийн чиглэлийн 19 төрлийн сургалт явуулах аж. Элсэлтийн бүртгэлийг энэ сарын 5-9-ний хооронд явуулах аж.
Үүнд уран зураг, баримал, монгол уран бичлэг, сүрлэн наамал, сүлжмэл, керамик баримал, хүүхэлдэй, бэлэг дурсгал, үндэсний хувцас загвар, уран хатгамал, гар урлал, арьсан урлал зэрэг сургалт багтаж буй юм.
Сургалтыг өглөө, оройн ээлжээр долоо хоногт хоёр удаа явуулах гэнэ. Нэг ээлжид хоёр болон түүнээс дээш ангийн 30 сурагч хамрагдах боломжтой юм байна. Бүртгэлд хамрагдахад хүүхдийн төрсний гэрчилгээ , нэг хувь цээж зураг шаардлагатай. Мөн сар болгоны 5-нд нэмэлт элсэлт авах аж.
Б.АМАРЗАЯА