Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмын дагуу нэгдүгээр ангийн сурагчдыг шалгалтад хамруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг энэ сарын 9-25-ны хооронд зохион байгуулах аж. Үнэлгээнд 2024- 2025 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургуулийн нэгд үгээр ангид элсэн суралцаж буй бүх хүүхдийг хамруулах юм байна. Үүний хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдэвт цахим сургалтыг өнгөрсөн сарын 28, 29-нд зохион байгуулжээ.
Сургалтад нийслэл болон аймгийн Боловсролын газрын бага болон сургуулийн өмнөх боловсролын биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, нэгдүгээр ангийн багш нар оролцсон аж. Нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, хөдөлгөөн, эрүүл мэнд, байгаль, нийгмийн орчин, нийгэмшихүйн хөгжил, хөгжим, дүрслэх урлаг гэсэн суралцахуйн долоон чиглэлээр үнэлэх гэнэ. Үнэлгээний даалгаврын арга зүй, зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх сургалтын үеэр танилцуулжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежерүүдэд энэ сарын 4-нд сурагчдыг үнэлэх үнэлгээний арга зүйн талаар цахим сургалт явуулах аж.