Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил өчигдөр эхэллээ. Эл өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Үндсэн хууль” сэдэвт цахим хичээл заасан юм. Төрийн тэргүүн есдүгээр сарын 1-нд сурагчдад зориулан хичээл заадаг нь уламжлал болжээ. Энэ удаагийн онцлог нь “Харандааны адал явдал” гэх нэвтрүүлэгтэй төстэй байдлаар зохиомжилсон нь юм. Үндсэн хуулийг хэдэн удаа шинэчилсэн тухай, түүний ач тус, яагаад хуулиа дагаж мөрдөх хэрэгтэйг эл хичээлд тусгажээ. Мөн монголчууд ардчилалд хүрэхийн тулд ямар замыг туулсныг судлаачдаар тайлбарлуулж байв. Дүрэмт хувцсаа иж бүрэн өмссөн сурагчид хотыг чимж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт 08.00-09.00 цагт боллоо. Энэ удаагийн нээлтийг Нүсэр биш, төсөр байдлаар хийхээр төлөвлөөд буйгаа Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн.
Сургуулиуд ч үүний дагуу нээлтийн арга хэмжээгээ төлөвлөжээ. Ингэхдээ ихэнх сургууль нэг, зургаа, арванхоёрдугаар ангийн сурагчдыг нээлтийн ёслолд урьсан байлаа. Гэхдээ хүсвэл бусад ангийнхан ч нээлтэд оролцох боломжтой байв. Зарим сургуулийн нээлтийн арга хэмжээнээс хүргэе. Нийслэлийн 23 дугаар сургуулийн хашаа руу ороход л Монгол, Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНХАУ-ын далбаа таныг угтан авах болно. Орон бүрийн тугийг ийнхүү мандуулах нь сурагчдын танин мэдэхүйн боловсролд чухал нөлөөтэй гэнэ. Мөн тухайн сургууль япон болон солонгос хэлний өдөрлөг тогтмол зохион байгуулж, түвшин тогтоох шалгалтад өндөр оноо авах хэмжээнд сурагчдаа бэлтгэдгээрээ онцлогтой. Нэгдүгээр бүлгийн хүүхдүүдийг Нүсэр биш, төсөр нээлт боллоо ангийнх нь багш хөтлөн хамт олон, анги танхимтай нь танилцуулсан юм.
Харин ахлах бүлгийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, сонгон судлах хичээлийн талаарх зөвлөгөөг багш нар нь өгчээ. Сургуулийн үүдэнд эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хувцсыг барин хүлээцгээнэ. Нэгдүгээр ангид элссэн сурагчдын зарим эцэг, эх нулимс мэлтэлзүүлэн зогсож байв. Улаан, цагаан өнгийн туузаар үсээ гоёж, үлгэрийн баатрын зурагтай цүнх үүрсэн сурагчид сургуулиас гүйлдэн гарч ирэхэд нь тэврээд үнсэж, зургаа авхуулж харагдана. Нийслэлийн 24 дүгээр сургуульд 11.00 цагийн орчимд очиход нээлтийн үйл ажиллагаа нь хэдийн дууссан байлаа. Эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ авахаар хүлээцгээж буй дүр зураг угтсан юм. “Үй цай” сургуулийн нээлт 09.00 цагт эхэлсэн бөгөөд нэг, зургаа, 12 дугаар ангийн сурагчид оролцсон юм. Нээлтийн үзүүлбэрээр хүүхдүүд сурсан дуу, шүлгээ эцэг, эхчүүд болон үеийнхэндээ толилуулсан юм. Сургууль бүрийн үүдэнд ийм зураглал угтаж байв. Тус сургууль нь энэ хичээлийн жилд багш нарынхаа хөгжилд анхаарах, техник, технологийн сургалтын хэрэглэгдэх үүнээ сайжруулах, гадаадын шилдэг сургалтын системийг хөтөлбөртөө тусгахаар төлөвлөсөн гэнэ.
Сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхлэх ч өчигдөр сургуулийн орчимд эргүүлүүд хэдийн ажилдаа оржээ. Мөн явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах, сургууль орчмын бүсэд автомашинаар хурдтай давхиж сурагчдыг эрсдэлд оруулахгүй байхыг иргэд уриалсан юм. Үүний дараа нийслэлийн 259 дүгээр цэцэрлэгийг зорилоо. Нээлтийн ёслол дөнгөж эхэлж байв. Цэцэрлэгийн хашаанд багтахгүй олон эцэг, эх бяцхан үрсээ анги танхим, багш нартай нь танилцуулахаар хүлээж буй харагдана. Хүүхдүүдээс илүү гэр бүлийнхэн, багш нар нь хичээлийн шинэ жилийг хүлээсэн үү гэлтэй догдлол дүүрэн харагдах аж. Энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийг нүсэр биш, төсөр хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн учир өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад даруухан болж өндөрлөлөө. Тус цэцэрлэгийн нээлт 10.00 цагт эхэлж, дуу хөгжмийн багш Д.Чулуун “Багш та” дуугаар бяцхан шавь нар, эцэг, эхчүүдээ угтан авлаа. Үүний дараа бэлтгэл бүлгийнхэн нь “Есөн сарын 1” дууг ангиараа дуулсан юм. Нийслэлийн 259 дүгээр цэцэрлэгийн багш Н.Наранцэцэг “Бид хүүхдүүдээ багш, анги танхимтай нь танилцуулах зорилгоор хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Ялангуяа анх удаа цэцэрлэгт орж буй хүүхдүүдэд энэ арга хэмжээ маш хэрэгтэй гэж бодож байна.
Энэ жил есдүгээр сарын 1 амралтын өдөр тохиолоо. Үүнийг бид давуу тал гэж харж байгаа. Учир нь ажлын өдөр таарвал нээлт дуусаад л хүүхдүүдээ шууд хүлээн авдаг байсан. Гэтэл энэ нь анх удаа цэцэрлэгт явж буй хүүхдүүдэд маш хүндрэлтэй. Гэр бүлийнхэн нь байхгүй, танихгүй газар ганцаараа үлдэх нь тэднийг айлгадаг. Тэгээд л аав, ээжийгээ дагаад уйлчихдаг юм. Харин өнөө жил хүүхдүүд гэр бүлтэйгээ хамт нээлтээ үзэж, цэцэрлэгтэйгээ танилцаж байна шүү дээ. Энэ нь хүүхдүүд цэцэрлэгтээ дасан зохицоход илүү дөхөм болгож байна” гэв. Зарим компани хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээтэй холбогдуулан ажилчдадаа цалинтай чөлөө олгожээ. Тодруулбал, “Вертексмон” компани цэцэрлэгийн болон дунд сургуулийн насны хүүхэдтэй ажилчдадаа 08.00- 12.00 цагт цалинтай чөлөө олгосон байна.
Бэлтгэсэн А.ҮҮЛ, У.ЦЭЦЭГСҮРЭН