Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан Богдхан уулын Чулуутын аманд энэ онд шинээр бүртгэгдсэн булгуудыг хашиж, хүн, малын хөлөөс хамгаалах ажлыг эхлүүлжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Туул голын сав газрын захиргааныхан холбогдох бусад байгууллагынхантай хамтран өнгөрсөн тавдугаар сард Туул голын ай сав дагуух усны ундарга, булаг шанд, горхиудыг тоолж, бүртгэхдээ дархан цаазат газрын бүсэд таван уст цэг шинээр бүртгэсэн юм байна.
Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан эдгээрийг хамгаалах ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж, Чулуутын амны Даяанчийн булгаас эхлүүлжээ. Холбогдох мэргэжилтнүүд энэхүү булгийн усыг шинжлэхээр дээж авч, лабораторид хүргүүлээд буй аж.
Н.МИШЭЭЛ