Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нууцаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, тэндээ төрийн албан хаагчид, барилгын компаниудын удирдах албан тушаалтнуудыг тоглуулж байсан Цогтбаатар гэх хүнийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг болон бусад хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт ЭЦА-ныхан үйлдэл дээр нь саатуулсан аж.
Түүний зохион байгуулсан мөрийтэй тоглоомд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважав, тус хэлтсийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэбаяр нар оролцож байсан гэх мэдээлэл буйюм. Нийслэлд барьж буй барилга, байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах, магадлал хийх, техникийн норм, стандартыг хангаж буй, эсэхэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй НХОГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын эрхэлдэг ажилтай ашиг сонирхлын зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн удирдлага хамт мөрийтэй тоглож байсан гэдэг нь авлигын гэмт хэрэг үүссэн юм биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Тиймээс үүнийг АТГ-ынхан анхааралдаа авч шалгах нь зөв биз ээ. Төрийн албан хаагчид мөрийтэй тоглосон, гадаадын казиногоор үйлчлүүлсэн тохиолдол нэг бус удаа гарсантай холбоотойгоор Засгийн газраас 2019 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилж, зарим, зүйл заалтыг чангатган, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн төрийн албан хаагчийг шууд ажлаас нь чөлөөлөх, дахин төрийн албанд ажиллахыг хориглохоор шийдвэрлэж байсан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Д.Зоригтыг албан өрөөндөө мөрийтэй тоглосон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан билээ. Тэгвэл ашиг сонирхлын зөрчилтэй компани, аж ахуйн нэгжийн удирдлагатай хамт мөрийтэй тоглосон хэрэгт холбогдон шалгуулж буй НХОГ-ын хоёр албан тушаалтанд хотын удирдлага хариуцлага тооцох болов уу.