АНУ-ын Ардчилсан намын их хурал болж Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Камала Харрисын нэрийг дэвшүүллээ. Жо Байден энэ тэмцлийг орхихоор шийдсэн нь тус намыг дэмжигчид, ивээн тэтгэгчдийн урмыг сэргээсэн байна. Нэг сарын хугацаанд Дэд Ерөнхийлөгч либералууд, төв үзэлтнүүд, тэрчлэн хар арьст сонгогчид, бусад цөөнхийг өөрийгөө тойруулан нэгтгэж чаджээ. Их хурын үеэр хэлсэн үгэндээ Харрис бүх америкчуудын нэр дэвшигч байж, дундаж ангийг дэмжин, Байдены явуулж байсан гадаад бодлогыг, түүний дотор Украин, Ойрхи Дорнодод баримталж байсан бодлогыг үргэлжлүүлэхээ амлажээ. Тэрбээр Энэтхэг эмэгтэй, биологич эрдэмтэн ээжийнхээ болон Ямайкаас гаралтай эдийн засагч эцгийнхээ тухай ярьж, дэвшилтэт соёл, улс төрийн үзэл бодлыг талархсан дундаж ангийн гэр бүлийн дүр төрхийг үгээр дүрслэн харуулсан аж. Хүүхэд насаа дурсахдаа хүчээр энгэр зөрүүлэх үйлдэлд өртсөн сайн найз эмэгтэйнхээ тухай ярьжээ. Энэ явдал түүнд нөлөөлж, хүчирхийллийн золиос болсон гэмгүй хүмүүсийг хамгаалахаар Харрис прокурор болсон байна. Түүний улс төр, эдийн засгийн зам мөр чухам эндэээс эхэлсэн гэлтэй.
Дундаж ангийн татварыг багасгаж, орон сууцын дутагдлыг үгүй болгоно гэж их хурлын индрээс тэр амлажээ. Харин түүний мөрийн хөтөлбөрийг судалсан эдийн засагчид энэ зорилгоо биелүүлэх арга замд нь эргэлзэж байгаа юм. Украин болон НАТО-гийн холбоотнуудаа дэмжиж, Израилыг хамгаалах, ХАМАС-ын довтолгооныг давтуулахгүй байж, эвлэрэлд хүргэх, Газын зурваст энгийн иргэд энэлж шаналахыг зогсоож, палестинчуудыг өөрийгөө тодорхойлох эрхийг дэмжихээ Харрис бас амласан байна. Үр хөндүүлэх эрхийг нэгдсэн улсын түвшинд сэргээнэ гэж тэр хэлжээ. Энэ эрхийг Трампын томилсон Дээд шүүхийн шүүгчид цуцалсан аж. Хууль бусаар үр хөндөж шоронд орохоос эмээсэн эмч нараас болж хохирч яваа эмэгтэйчүүдийн хувь заяаг тэрбээр хөнджээ. “Дээд ерөнхий командлагчийн хувьд Америкийг дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн хөнөөх чадалтай зэвсэгт хүчинтэй байлгана” гэж Харрис амласан байна.
Трамп БНН-ын хурал дээр 92 минут үг хэлсэн бол Харрис ердөө 35 минут л ярьжээ. 78 настай Трамп, 81-тэй Байден нар өрсөлдөх нь сүүлийн нэг жилийн хугацаанд тодорхой байж, арваннэгдүгээр сард болох сонгууль үндсэндээ хүмүүсийн сонирхлыг татахаа болиод байсан юм. Энэ хоёр улс төрч сонгогчдыг нэгэнт залхаагаад америкчууд юуны түрүүнд нас ахисан хоёр эрийн аль нэгний төлөө биш, тэдний хэн нэгний нь эсрэг саналаа өгөхөөр зэхэж байж. Байден зөнөж буй нь гадаад шинж байдлаараа илт байснаас Трамп энэ өрсөлдөөнд хошуучилж байв. Гэтэл Ерөнхийлөгч өөрөө болон АН-ын дээдчүүл, эрх мэдэлтнүүдэд ойр сэтгүүлчид үүнийг удаан хугацаагаар эсэргүүцэж, Байденыг сул дорой байгаа мэтээр ярьж буй нь бүгд найрамдахчуудын дэгс сурталчилгаа гэлцэж байв. Трамптай хийсэн мэтгэлцээн энэ яриаг бүрмөсөн үгүйсгэж орхисон. Ерөнхийлөгч ихэд өтөлж хөгширснийг АН-д талтай ханддаг CNN суваг улс орон даяар харуулчихав. Хоёр дахь боломж бий гэж Байден намынхандаа итгүүлэхийг оролдож байх хооронд аминд нь халдах гэсэн бүтэлгүй оролдлого Трампад бүр ч оноо нэмэрлэсэн үйл явдал болов.
Гэтэл долоодугаар сарын эцсээр Байден өрсөлдөгчийн хувиар нэрээ татаж, Харрисыг дэмжих нь тэр. Байденыг ийм шийдвэр гаргахад Ерөнхийлөгч асан Барак Обама ихэд нөлөөлсөн гэх юм билээ. Ийнхүү Ерөнхийлөгч асан хижээл хоёр эрийн хооронд болох байсан сонгуульд БНН-ын өрсөлдөгчөөс 18 насаар залуу хар арьст эмэгтэйг АН санал болголоо. Түүний сонгуулийн кампанит ажилд нэмэрлэсэн мөнгөний хэмжээ ч богино хугацаанд талийж өгөв. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Камала Харрис Дэд Ерөнхийлөгч Тим Уолз нарыг дэмжих санд 540 сая ам.долларын хандив цуглараад буй аж. Байдены сүүлийн нэг жил олсноос илүү хандивыг Харрис ердөө эхний 11 хоногт олоод авчихаж дөнгөжээ.
Байденыг ялахад чиглэж байсан Трампын кампани Харрисын эсрэг хийх үр ашигтай довтолгоон хийх арга эвээ хараахан олоогүй байх шиг. Түүгээр ч барахгүй Хиллари Клинтоныг “худалч”, Байденыг “унтаахай” гэсэн шигээ Харрист тохирох хоч ч Трамп олж амжаагүй байна. Харрисын удаан чанга инээдэг зуршлыг нь “барьж авч”, “инээмтгий” гэсэн хоч сонгосон ч нэг л тохирсонгүй.
Чин сэтгэлээсээ инээдэг хүн төрийн толгойд байхад сонгогчид тэгтлээ дургүйцэхгүй болов уу хэмээн нийтлэлч Нэйт Сильвер тэмдэглэсэн байна лээ. Хиллари болон түүний нөхөр Билл Клинтоны амьдралд цөөнгүй тохиолдож байсан хэл амыг 2016 онд Трамп тэдний эсрэг сайн ашигласан юм. Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажил хэрэгтээ хувийн цахим шуудангаа ашиглаж байсан нь хууль зөрчсөн үйлдэл, эсэхийг Холбооны мөрдөх товчоо тэр сонгуулийн өмнөх хэдэн сар шалгасан байдаг. Энэ шалгалт юу ч илрүүлээгүй ч хохирол учруулж чадсан, Трамп ч түүнийг сайн ашиглаж ялалтад хүрсэн юм. Калифорни мужийн Ассамблейн дарга байсан, 30 насны зөрүүтэй ч Харристай тухайн үедээ уулзаж учирч асан Уинли Браун түүнийг өндөр цалинтай албанд томилсон нэг явдлыг сэжүүр эс болговол Харрисын намтраас анзаарахад Клинтон нарын зиндаанд хүрэх хэл ам алга. Харрис руу довтлохдоо Трамп энэ түүхийг шүүрч авсан ч явцгүй байгаа юм. Браун, Харрис нарын харилцаа хэнд ч нууц байсангүй, тэд 30 шахам жилийн өмнө хоёр тийш болж, хожим нь Калифорнийн ерөнхий прокурор болон Сенатын гишүүний сонгуульд Харрис ялахад Брауны нөлөө байсан гэж үзэх боломжгүй юм.
Гэвч Трамп цөхөрсөнгүй, Харрисыг тун саяхнаас л өөрийгөө өнгөт арьстан гэх болсон, урьд нь энэтхэг гаралтайгаа ямагт онцолдог байсан гэж Трамп нотлохыг оролдож, түүний удам угсааг нь эргэлзээтэй болгох гэж үзсэн байна. Энэ худал, Харрис АНУ-д боолчлолыг халсны дараа африк гаралтай америкчуудад зориулж байгуулсан хар арьстнуудын Говардын их сургуулийг төгсжээ. Трамп хэн нэгэн рүү довтлохдоо баримт нотолгоонд үндэслэхийг хичээдэггүй аж. Обама АНУ-д төрөөгүй учраас Ерөнхийлөгч байж болохгүй гэсэн цэвэр зохиомол яриа ч нэг хэсэгтээ л олон нийтийн зарим хэсгийг цочроогоод авсан. Тэгвэл Харрисын удам угсааны талаарх хэл ам нь хэний ч сонирхлыг татсангүй. Трампыг “барьцаа олсонгүй” гэж улс төрийн тоймч Александр Назарян хэлжээ. Харин түүнийг зүүний радикал улс төрч гэвэл Харрист Трамп багагүй хохирол учруулж болзошгүй. Висконсин, Пенсильвани, Мичиган гэх мэт савлагаатай мужид тодорхой байр суурьгүй сонгогчдын саналыг авахын төлөө тэмцэл болдог.
Тэгээд эдгээр муж олон талаар сонгуулийн төгсгөлийг тодорхойлдог. Тухайлбал, Висконсинд Обама хоёр ч удаа ялсан, гэтэл 2016 онд тус муж Трампыг дэмжсэнээ 2020 онд АН-ын нэр дэвшигчид дахин саналаа өгсөн байдаг. Олон нийтийн санал асуулгаар Байден хаваржингаа Трампаас үл ялиг сүүлдэж байсан бол Харрис бараг л шууд цойлоод гараад ирсэн төдийгүй дэмжлэг авах нь улам нэмэгдсээр буй. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад таван сар үлдээд байхад Байден хоёрдугаар зэрэгт тавигдаж АН-ын удирдагч байхаа болив. Харрис Ерөнхийлөгчид нэр дэвшигч болсон ч түүний захиргаанд байгаа нэртэй. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч асан Барак Обама намын далд удирдлага болжээ хэмээн тайлбарлагчид шивэр авир гэлцэж буй аж. Обама эрх мэдлээс ангижирсан ч намдаа үлэмж нөлөөгөө хадгалсаар, Байдены захиргааны олон гол албан тушаалд түүний багийн хүмүүс ажиллаж байна. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Ираны асуудлаарх тусгай элч Роберт Малли, дотоод бодлогын зөвлөх Сьюзан Райс байна. Өндөр албаны өөр 100 шахам хүн бий.
Байден Ерөнхийлөгч болсон хойноо ч өөрийнх нь засаглал “Обамагийн гуравдахь бүрэн эрхийн хугацаа биш” гэдэгт америкчуудыг итгүүлэх хэрэгтэй болсон юм. Америкийн улс төрийн ахмад зүтгэлтэн Эдвард Люттвак Цагаан ордноос явсан хойноо ч нийслэлд амьдарсаар буйАНУ-ын түүхэн дэх цорын ганц Ерөнхийлөгч, “Тэрбээр засачлах гэж Потомак гол дээр үлдээгүй” гэж Обамагийн тухайд хэлсэн байдаг. Харрис нэр дэвшигч болсны дараа Байдены сонгуулийн штабыг ажилтнууд болон санхүүгийн нөөцтэй нь өвлөж авлаа. Түүний гол албан тушаалд 2008 онд Обамагийн сурталчилгаанд ажиллаж байсан хүмүүсийг томилов. АН-ын их хурлын уур амьсгал ч 2008 оны Обамагийн кампанийг санагдуулж байна гэж түүний багийн ажилтан байсан Дэн Пфейффер бичсэн байх юм.
Албан ёсоор нэр дэвшигч болохоосоо нэг сарын өмнө Харрис ардчилагчдыг нэгдэн нягтруулж, урам зоригийг нь бадраагаад зогсохгүй санал асуулгаар Байденд боломж олгоогүй өмнөд нутгийн Аризон, Жоржиа, Невада, Умард Каролин зэрэг мужийн аядуу сонгогчдын нэлээд хэсгийг нь өөртөө татчихсан байв. Тэгэхдээ энэ бүхэн нь ялалт түүний халаасанд ороод ирсэн гэсэн үг биш. Санал өгөх өдөр хүртэл гурван сарын хугацаа байна. Санал асуулгаар тэр давуу байдлаа хадгалж буй ч 2016 оны сонгуулийн өмнө Хиллари Клинтон мөн ийн тэргүүлж байсан ч сонгогчдын саналын тоогоор ялагдсаныг санахад илүүдэхгүй. Түүнээс гадна Камала Харрис есдүгээр сарын 10-нд Трамптай мэтгэлцэнэ гэсэн тов гарчээ.