Манай улс дахь уул уурхайн томоохон 21 компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 608.5 сая мод тарьж ургуулан, арчилж хамгаалахаар амлалт өгсөн билээ. Тэдгээрийн нэг болох “Энержи ресурс” ХХК есөн жилийн хугацаанд Өмнөговь аймагт 40 сая мод тарихаа зарласан юм. Тэгвэл тус компани энэ ажлынхаа нэг хэсэг болгож Баяндалай сумын Цагааны голын 10 га талбайд 10 мянган заг амжилттай тарьж, ургуулснаа олон нийтэд мэдээллээ.
Зөвхөн Төв Азийн говьд ургадаг, илч сайтай, эрчилсэн урт үндэстэй, цөлийн бүсийн үндсэн мод гэгддэг заг нь Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзэлдэг байсан ч байгаль, цаг уурын өөрчлөлт, хөрсний доройтол, түлшний хэрэглээ зэргээс болж нөөц нь эрс багасаад буй юм. Тиймээс тус компанийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлалд тусгасан “тухайн газар орны онцлогт тохирсон мод, сөөг тарих, бойжуулах” зорилтын хүрээнд говь цөлийн бүсийн унаган модыг тарьжээ. 10 мянган заг тариад буй Цагааны голын талбайд гэхэд өмнө нь заган ой байсныг тус компанийнхан онцлов. Өдгөө тэнд тарьсан моддын 84 хувь нь сайн ургаж байгаа гэнэ.
Ж.Сувд