Хичээлийн шинэ жил эхлэхээр замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулдаг нь Улаанбаатарт бараг уламжлал болсон. Харин энэ жил тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт хийхгүй гэнэ. Тодруулбал, тэгш, сондгойгоор хязгаарлах тухай шийдэл гаргаагүй, үүнтэй холбоотой санал асуулга явуулаагүй, ер нь энэ тухай огт яриагүй гэдгийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
Нийслэлийн Засаг дарга энэ сарын 12-нд А/988 дугаар захирамж гаргаж, Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталсан. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Мөн орон нутгаас автомашинтайгаа нийслэлд ирсэн иргэд хоног тутамд 5000 төгрөг төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм. Түгжрэлийг бууруулах зорилгоор өөр ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу наймдугаар сарын 26-наас эхлэн20 хоногийн хугацаанд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байв.