"Парис-2024" зуны XVII паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. Тус наадамд Монгол улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөх юм. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.
Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр нийт дөрвөн медаль хүртсэн бөгөөд “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм. Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцож, түүнээс хойш тасралтгүй тамирчидаа илгээж буй билээ.