Манай улсын ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Газар зүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн, Хятадын биологийн олон янз байдлыг хамгаалах ногоон хөгжлийн сангийн “Ногоон хэлхээ” олон улсын хамтын ажиллагааны сан хамтран мод тарих, цөлжилтийн мониторинг, ногоон хөгжлийн туршилт, судалгаа хийх загвар суурин байгуулахаар зөвшилцжээ. Талуудын төлөөлөл болсон судлаач, мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд эл ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр өчигдөр санамж бичиг байгуулж, гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.
Ийм суурин байгуулснаар экологийн хамгаалалт, салхи, элсний нүүдлийн туршилт хийх, ижил төстэй бусад бүс нутагт хэрэгжүүлэх боломжтой загвар боловсруулах, олон улсын байгаль хамгааллын жишиг ажил, ногоон хөгжлийн бодлогыг нутагшуулах, иргэд, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүд, оюутан залуус, сайн дурынхныг хамруулан мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдэх гэнэ. Туршилт, судалгааны суурингийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой явуулах нөхцөлөөр хангах, хүн, малын нөлөөлөл, байгалийн гамшгаас сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх үүргийг энэхүү гэрээгээр манай улсын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэнд хүлээлгэжээ.
Мод тарих, цөлжилтийн мониторинг, ногоон хөгжлийн туршилт, судалгаа хийх загвар сууринг цөлжилт, газрын доройтолд хамгийн ихээр өртсөн бүс буюу Баянхонгор, Говьсүмбэр аймагт байгуулахаар тогтжээ. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд эдгээр аймгийн удирдлага, байгаль орчны байгууллагын төлөөлөл мөн оролцсон байна.