Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)- ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдрийн байдлаар 275 дахь хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн нийт өвчтөний 267 нь насанд хүрэгчид байсан бол үлдсэн найм нь хүүхэд аж. Элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 25 хувь нь хавдар, В, C, D вирусийн шалтгаанаар элэг нь хатуурч, уг эмчилгээг хийлгэснийг УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй хэллээ.
Манай улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чадавх, өвчтөний амьдралын чанарын үзүүлэлтүүд дэлхийд дээгүүр үнэлэгддэг билээ. Тодруулбал, үйлчлүүлэгчдийн амьдрах чадамж нэг жилд 93.9, гурван жилийн дундаж нь 84.8, таван жилийнх нь 88.2 хувьтай буюу өндөр хөгжилтэй улс орнуудын эмчилгээний үр дүнтэй ижил түвшинд байгааг Б.Бат-Ирээдүй онцолсон.
Ташрамд дуулгахад, нийт үйлчлүүлэгчийн 260-д нь амьд, 15-д нь кадавр буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгаад буй юм байна. Мөн цусны бүлэг тохироогүй таван донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болжээ.