Монголд ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор ойжуулалт, мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн чиглэлээр үлгэр жишээ ажил хийсэн хүмүүсийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас олон нийтэд танилцуулсаар байна. Үүний дагуу өчигдөр биологийн шинжлэх ухааны доктор, ойн инженер Г.Цэдэндашийг онцлов.
Тэрбээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Моностойн амны 70 га газарт нарсан ой бүхий төгөл бий болгож, түүнийгээ үрийн болон эх ургамлын, мод үржүүлэг, бойжуулгын, туршилт судалгааны гэхчлэн зориулалтаар нь ангилжээ. Г.Цэдэндаш инженер Моностайн амны талбайдаа одоогоор 500 мянга орчим мод тариад буй бөгөөд тэндээ суурин амьдарч, таримал ой, ойжуулалттай холбоотой судалгаа шинжилгээ тогтмол хийдэг гэнэ. Мөн тухайн бүс нутгийн экосистемийг дэмжих зорилгоор 25 толгой монгол тарвага нутагшуулжээ.