Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж буй юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулах гэнэ. Ингэхдээ зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэх юм байна.
Мөн энэ есдүгээр сарын 1-нээс эхлэн 44-өөс дээш сурагчтай нэг, хоёрдугаар ангид туслах багш ажиллуулах боломжтой гэнэ. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заажээ. Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгдлээ. Түүнчлэн гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулах үйл явцыг шуурхайлахыг даалгав.
Ташрамд дуулгахад, төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн цахим бүртгэлийг энэ сарын 30 хүртэл сунгажээ. Бүртгүүлэх боломжтой 72 769 хүүхэд буй аж. Үүнээс 36 624 хүүхдийн бүртгэл баталгаажсан бол 33 477 хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь элсэлтээ эцэслээгүй байгаа гэнэ. Харин үлдсэн хүүхдүүдийн бүртгэлийг тухайн сургууль нь хянаж буй аж.