Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу зургаан настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болох нь. Мөн эрүүл мэндийн байгууллагаар оношлуулаагүй ч цэцэрлэгт суралцах хүсэлтэй хүүхдүүдийг элсүүлэх боломжтой гэнэ. Үүний дараа оношилгоонд хамруулах юм байна. Өөрөөр хэлбэл, зургаан настай хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх ёстой ч тусгай хэрэгцээт багачуудын онцлогоос шалтгаалан эцэг, эхийн хүсэлтээр цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж болох аж.
Тиймээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагынхан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжлийг үнэлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, багш, эцэг, эхчүүд хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарах шаардлагатайг Боловсролын ерөнхий газраас зөвлөв. Ташрамд дуулгахад, Засгийн газрын 2024 оны 39 дүгээр тогтоолоор өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ногдох хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж тооцохоор заажээ. Мөн багш, туслах багшид нэмэгдэл хөлс олгохоор тусгасан юм.
Ч.БОЛОР