АНУ-ын Индиана мужийн Манси хотод зохион байгуулсан нисэх загварын спортын жолоодлогот загварын ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Ж.Баярбат, Д.Мөнхмандах нарын удирдлагад 31 орны 400 гаруй тамирчинтай ур чадвараа сорьсон. Дээрх тэмцээнд эмэгтэйчүүдээс “Залуу зохион бүтээгч” клубийн тамирчин Н.Номин дэд байр эзэлж, дэлхийн хошой мөнгөн медальтан боллоо. Тэрбээр өмнө нь Польшийн Влоцлавек хотод 2022 онд болсон эмэгтэйчүүдийн уран жолоодлогот нислэгийн F2B ангилалд удаалсан юм.
Тэгвэл эрэгтэйчүүдээс “Зуун билэг” клубийн тамирчин Д.Буяндорж өсвөр үеийнхний ангилалд хүрэл медаль хүртэв. Багийн амжилтаар есдүгээр байрт жагссан манайхнаас хамгийн залуу оролцогч нь 12 настай Б.Баясгалан байлаа. Ташрамд дуулгахад, “Зуун билэг” клубийн таван жилийн ойн нэрэмжит шилжин явах цомын тэмцээн ирэх сарын 7-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нислэгийн талбайд болно. Тус тэмцээнд оролцох тамирчид жолоодлогот хурдны F2A, жолоодлогот уран нислэгийн F2B ангилалд өрсөлдөнө.