Шинэ хичээлийн жил эхэлж, орон нутгийн оюутнууд түрээсийн байр хайж эхлэв. Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл үүсэх нь бараг уламжлал болжээ. Тухайлбал, нэг өрөө байрны сарын түрээсийн төлбөр нэг сая төгрөгөөс эхэлж байна. Сургуулиа төгсөж, ажилд ороогүй оюутнуудын хувьд энэ нь өндөр дүн. Тиймээс олонх нь оюутны дотуур байрыг сонгодог. Гэвч дотуур байрны тохижилт муу, ажилчдын харилцаа хандлага дорой зэрэг нь оюутнуудад хүндрэл учруулж байна. “Та нар оюутан байж яасан их голж шилдэг юм” хэмээн оюутны байр хариуцсан мэргэжилтнүүд уцаарладаг.
“ШУТИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байр суралцагчдаа хүлээн авч байна. Жижигхэн өрөөнд дөрвөн хүн амьдарна. Мөн давхар бүр нэг угаалгын, гал тогооны өрөөтэй. Гэсэн ч төлбөр нь нэг хүүхдийн 835 000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр нэг өрөөний төлбөр 3 340 000 төгрөг болох нь. Мөөгөнцөртсөн, ханын цаас нь хууларч, шалных нь будаг арилсан байна. Арай дэндүү юм, ийм нөхцөл байдал угтана гэж даанч санасангүй” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа дотуур байрны тохижилтын дүрс бичлэгийн хамтаар нийтэлжээ.
МУИС-ийн дотуур байрнуудад ч ийм маргаан гардаг. Өрөөнүүд нь бясаа, жоом зэрэг шавж их байдаг, таазнаас ус алддаг зэрэг гомдол байнга гардаг гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ бүрд мэргэжилтнүүд оюутнуудыг буруутган өнгөрдөг аж. Энэ жил тус сургуулийн хоёрдугаар дотуур байрыг засварлаж, өрөө бүрд хоёр оюутан авахаар төлөвлөжээ. Засварын ажил нь долоодугаар сараас эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор дотуур байрны төлбөр ч нэмэгджээ. Улаанбаатар хотод байрлах дотуур байрныхаа дөрвөн хүний багтаамжтай өрөөнд оюутан бүрийг 828 000-926 000 төгрөгөөр хүлээн авах гэнэ. Хоёр хүний багтаамжтай өрөөний төлбөр нь ноднин 1.7 сая байсан бол энэ онд 2.6 сая төгрөг болсон аж. Ийнхүү үнэ нь нэмэгдсэн ч чанар нь өөрчлөгдөөгүйд оюутнууд нь эсэргүүцлээ илэрхийлсээр буй ч одоогоор тухайн сургуулиас авсан арга хэмжээ алга.
А.ҮЛ-ОЛДОХ