Афганистаны төрийн эрхийг авсны гурван жилийн ойгоо тэмдэглэж талибууд цэргийн баярын жагсаал хийлээ. Ерөнхий сайдын орлогч Абдул Салам Ханaфи хэлсэн үгэндээ ах, дүүсэг байдлыг бэхжүүлж үндэстэн, шашны хардлага сэрдлэгийг цэглэх нь Засгийн газрын үүрэг болоод байна хэмээн онцолжээ. Дэлхий дахинтай Афганистан улс харилцан ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал болохыг тэрбээр тэмдэглэв. Үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд том гүрнүүдийн зоргоорооавирлахаас улс орноо хамгаалахыг Ерөнхий сайдын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Абдул Кабир уриалсан байна. Мөн одоо хилийн чанадад байгаа, төр, нийгмийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг эргэн ирж улсынхаа төлөө ажиллахыг хүссэнюм. Уг арга хэмжээнд Хятад, Ираны дипломат ажилтнууд оролцжээ. Талибууд эрх бариад гурван жил болж буй ч Афганистанолон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, НҮБ-д өөрийн байр суурьтай болоогүй байгаа юм.
Ерөнхийлөгч Ашраф Ганигийн Өрнөдийн чиг баримжаатай дэглэмийг унагаж Америкийн тодорхой тооны цэрэг сандран Афганистанаас гарч явсан үйл явдал 2021 оны наймдугаар сарын 15-нд болсон юм. Үүнд зориулсан баярыг “Талибан” хөдөлгөөн нэг өдрийн өмнө хийхээр шийдсэн байна. Талибуудын Түр Засгийн газрын Ерөнхий сайд Мохаммад Хасан Ахунд үндэстэндээ хандаж хэлсэн үгийг Парван мужид байх АНУ-ын Агаарын цэргийн хүчний бааз байсан Баграм хэмээх нисэх онгоцны буудалд болсон ёслолын үеэр сонсжээ. “Исламын засаглалыг дэмжиж, хөрөнгө, хүмүүсийн амь насыг хамгаалах, манай үндэстнийг хүндэтгэсний хариуцлагыг “Талибан” хөдөлгөөний эрх баригчид хүлээнэ” хэмээн Ерөнхий сайд тэмдэглэсэн байна. 2021 оны наймдугаар сарын эхээр “Талибан” хөдөлгөөн Засгийн газрын хүчний эсрэг дайралтаа идвэхжүүлж, 15-ны өдөр болоход Кабул хотод орж ирсэн юм. Бараг 20 жил Афганистанд байсан америк цэргүүд 31-нд Кабулын нисэх онгоцны буудлыг орхисныг эргэн саная.
“Талибан” хөдөлгөөний удирдагч, Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй, Кабулын шинэ эрх мэдлийн оройд байдаг Хайбатулла Ахунзада гурван жилийн ойнхоо өмнөхөн гаргасан тушаалаараа “исламын засаглал” эхэлснийг албан ёсны болгосон байна. Түүнд өгүүлснээр бүх нийтийн мөргөл залбирал байнга, хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан төр, засгийн албан хаагчид шийтгэл хүлээх аж. Өдөрт тогтоосон хугацаанд тэд таван удаа мөргөл хийж байх ёстой болжээ. НҮБ болон Дэлхийн банк 40 сая хүнтэй энэ улсын сүүлийн үеийн байдлыг толилуулснаас үзвэл хүн амын нь гуравны нэг нь ядуурлын хязгаараас доогуур амь зууж, үндэсний эдийн засаг нь ойрын гурван жилд өсөлтгүй байх төлөвтэй аж. Тэгэхдээ зарим нэг нааштай өөрчлөлт ажиглагдаж буй гэнэ. Тухайлбал, үндэсний валютын нь ханш тогтворжиж, авлига багасаж, хурааж авсан татварын хэмжээ нэмэгдсэн байна.
Афганистан одоо НҮБ-д өөрийн төлөөлөлгүй, түрүүчийн Засгийн газраас олон улсын тус байгууллагад байнгын төлөөлөгчөөр томилсон Насир Ахмад Фаик хэвээр байгаа бөгөөд НҮБ-ын холбогдох хороо Афганистаны одоогийн эрх баригчдад төлөөлөгчөө томилох эрх өгөөгүй аж. Үүнийг Кабулын эрх баригчид ялгаварлан гадуурхал хэмээн үзэж буй. “НҮБ-д өөрийн суудалтай байх нь бидний эрх. Исламын Афганистаны Эмиратын Засгийн газарт ийм эрх олгохыг НҮБ-аас шаардаж байна. Афганистан тусгаар тогтноод, гадаадын цэргүүд гарч яваад гурван жил болж байхад энэ бүхнийг хийгээгүй л байх юм” гэж Катарт байгаа “Талибан” хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүн Сухеил Шахин мэдэгджээ. Сүүлийн гурван жилд талибуудын дипломат бодлогын гол ялалт нь НҮБ-ын шийдвэрийг хүлээлгүй тэдний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэх дохиогоо энэ зунаас эхлэн Москва олон тоо өгөөд байгаа явдал юм. Владимир Путиний хэлснээр энэ асуудлыг Москва олон түнштэйгээ, түүний дотор Төв Азийн орнуудтай ярьж байгаа аж. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “XXI зууны эхээр бид талибуудыг алан хядагчид, америкчуудыг хэт даврагчдын эсрэг тэмцлийн түнш гэж үзэж байсан. Одоо бүх юм өөрчлөгдсөн. Талибууд одоо эрх баригчид болоод байна, бид тэдэндтэй бүрэн хэмжээний харилцаа тогтооход ойрхон” гэж хэлсэн байх юм. Талибуудыг хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн Москвагийн төлөвлөгөө Оросыг ийм алхам хийлгэхгүй байхыг хичээж буй Вашингтоны зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгарах болов. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Засгийн эрхэнд гараад авсан ганц ч үүргээ “Талибан” биелүүлээгүй. Түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл бидэнд байхгүй, хэрэв Орос ингэж хандах гэж байгаа бол тэр нь бүгдэд муу дохио болно” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ, Америкийн түүхэнд хилийн чанадад хамгийн удаан үргэлжилсэн цэргийн ажиллагааг дуусгаж Афганистанаас гаргах ажлыг хэрхэн зохион байгуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны эцсийн шатанд АНУ-ын дотоод бодлогын хурцхан сэдэв болж үлджээ. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад хэргийн хорооны дарга, БНН-ын Майкл Маккол Америкийн цэргийг Афганистанаас гаргасан талаарх асуудалд зориулан хийх хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкинийг урив.
“2024 оны есдүгээр сарын 10-нд болох нээлттэй сонсголд оролцохоо 2024 оны наймдугаар сарын 19-нөөс өмнө нотлохыг Танаас хүсэж байна. Батлан хамгаалах яам, Төрийн департамент болон Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өндөр албан тушаалтай бусад хүнээс ялгаатай нь Хорооны мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудалд Та одоо хэр нь хариулт өгөөгүй байгаа” гэж уг бичигт өгүүлжээ. Афганистанаас Америкийн цэргийг гаргах тухай эцсийн шийдвэр хэрхэн гаргасан нөхцөл байдлыг тайлбарласан үгээ АНУ-ын гүйцэтгэх засаглалын 17 төлөөлөгч Конгресст хэлээд байгаа гэж Маикл Макколын илгээлтэд дурдсан байв. Алан хядагч бүлэглэл гэгддэг “Талибан” Афганистан улсын эрхийг гурван жил барихдаа эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралаас бүрмөсөн хөндийрүүлсэн нь олон түмний амьдралын түвшинд хүчтэй цохилт болж, тэднийг сэтгэл санааны гүнхямралд оруулжээ. Энэ сарын 13-нд хэвлэгдсэн НҮБ-ын илтгэлд ийн өгүүлсэн байна. Эмэгтэй хүнийг төрийн алба, Засгийн газрын байгууллагад ажиллахыг болиулж, зургаадугаар анги төгссөн охид цааш суралцах боломжгүй болсон аж.
Гурван жилд дунд боловсролтой болж чадаагүй охидын тоо 1.4 сая хүрсэн гэж ЮНЕСКО мэдээлэв. 12-оос дээш насны охид болон эмэгтэйчүүд боловсрол эзэмшихийг албан ёсоор хориглосон ганц улс нь Афганистан болжээ. ЮНЕСКО-гийн баримтад дурдсанаар2022 онд бага сургуульд 5.7 сая хөвгүүд, охид суралцаж байсан нь 2019 онтой буюу талибууд эрх мэдэлтэй болохоос өмнөх үетэй харьцуулахад 1.1 саяар хорогдсон үзүүлэлт юм. “Өнөөдөр Афганистанд ганц ч эмэгтэй удирдах алба хашдаггүй, үндэсний болон орон нутгийн түвшинд улс төрийн ямар нэг нөлөөгүй байна. Тэд ялгавартай хандах шийдвэрийг хэрхэн биелүүлж буйд харилцан биенээ хянах л үүрэгтэй байдаг” гэж судалгааны дүнд бичсэн байх юм. Ялгаварлан гадуурхах явдал төр, улсын төдийгүй гэр бүл, ахуйн хүрээнд ч хэрэгжиж байдаг аж. Асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 98 хувь нь хамтран аливаа шийдвэр гаргахад огт нөлөөгүй буюу туйлын хязгаарлагдмал байдалд оролцдог гэж хариулжээ. Өрх гэрийнхээ дотоодод асуудлыг шийдэхэд эмэгтэй хүн оролцох нь сүүлийн нэг жилд бараг 60 хувь буурсан байна. “Гурван жилийн өмнө бол афган эмэгтэй Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй байсан. Одоо бол тэд хүнсний зүйл авахаар гэрээсээ ч гарах эрхгүй”. НҮБ-ын тусгай төлөөлөгч Элисон Давидян ийм жишээ татсан байна.
Ийм хавчигдмал, бусдын эрхээр байх амьдралын хэвшил нь тэдний сэтгэл санаанд их нөлөөлж, судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн найман хувь нь амиа хорлох гэж оролдсон дор хаяж нэг эмэгтэйг мэднэ гэсэн хариулт өгсөн байж. Талибаны энэ бодлого ирээдүй үеийнхэнд нь ч нөлөөлж байгаа аж. Боловсрол олох боломжгүй байгаагаас эрт хүүхэд төрүүлэх нь 45, эхийн эндэгдэл 50 хувьд хүрсэн гэж НҮБ дүгнэв. Афган бүсгүйчүүд нүүрээ далдлаагүй гадагш гарч, эрэгтэй хүнгүйгээр 72 километрээс хол явж болохгүй. Эмэгтэй хүн энэ журмыг зөрчвөл хариуцлагыг эцэг нь юм уу, ойр төрлийн эрэгтэй хүн хүлээнэ. Тэдэнд ажлаас нь халахаас эхлээд шоронд хорих хүртэл шийтгэл оноодог. “Талибууд засгийн эрхийг авснаар Орос, Афганистаны харилцаа сайжирсан” гэж Катар дахь хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүн Сухеил Шахин гурван жилийнхээ ойг тохиолдуулан энэ сарын 17-нд мэдэгдсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг дүгнэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны долоодугаар сард хэлэхдээ талибуудыг алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд Оросын холбоотон гэж нэрлэжээ. Афганистанд ЭСЯ-аа нээх боломжийг Европын хэд хэдэн улс судалж, ийм маягаар “Талибан” хөдөлгөөний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх хандлагатай байгаа тухай “Bloomberg” бичсэн бөгөөд Брюссель ч “тус улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бүс нутагт стратегийн оролцоо бий болгох” зорилгоор дипломат байгууллага ажиллуулах магадлалтай гэх мэдээлэл бий.