Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулжээ. Сургалтад нийслэл, 21 аймгийн Сонгуулийн хорооны дарга, гишүүд оролцсон байна. Тэд холбогдох хууль тогтоомж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгогдогч, сонгогчийн эрхийг хангах, ил тод нээлттэй ажиллах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж авсан аж. Тухайлбал, сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан буюу www.e-election.mn цахим системээр сонгуульд оролцогчдыг бүртгэх болон мэдээллийн цахим сан үүсгэх, сонгогчдыг мэдээллээр хангах талаар арга зүйн зөвлөмж өгсөн гэнэ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн байгууллагын эрх, үүрэг, нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, эсэх шийдвэр гаргах зэрэг мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооныхон өгчээ. Түүнчлэн санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар тохижуулахыг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор зөвлөсөн байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 000 гаруй иргэн байдгаас 80 000 гаруй нь сонгуулийн насныхан аж. Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулиар тус байгууллагынхан Баянзүрх дүүрэг дэх санал авах 20 байранд үнэлгээ хийхэд 15 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй байжээ. Тухайлбал, санал авах байрнууд налуу замгүй, замтай ч стандартын шаардлага хангахгүй зэрэг зөрчил түгээмэл илэрсэн аж. Тиймээс орон нутгийн сонгуулийн үеэр энэ алдааг давтахаас зайлсхийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангахыг зөвлөжээ. Ташрамд дурдахад, аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн хороодын гишүүд болон мэдээллийн технологийн багийн гишүүд, даамлуудад зориулсан сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооныхон өнөөдрөөс орон нутагт танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулах гэнэ.