Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өчигдөр эхлүүллээ. Барилгын ажил хэзээ дуусаж, цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах талаар албаныхнаас тодруулахад “Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн төслийн ажлыг эхлүүллээ. Бид барилга, байгууламжийн ажлаа энэ жилдээ багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Харин гадна тохижилт болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг2025 оны гуравдугаар сараас эхлүүлж, зун гэхэд ашиглалтад оруулна” гэв. Чингэлтэй дүүргийн III хороонд байрладаг, Нийслэлийн өмчийн III байр буюу Урт цагааны худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 1958-1961 онд ашиглалтад оруулжээ. Ашиглалтад оруулсан цагаас нь хойш засвар, шинэчлэл огт хийгээгүй учир нурах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байв.
Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагынхан иргэдийг гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг барилгыг нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг 2011-2019 онд найман удаа гаргасан юм. Үүний дараа тус төвийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг дэмжсэн. Ингээд өнгөрсөн нэгдүгээр сард тус барилгыг буулгаж, газрыг нь чөлөөлсөн. Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн хүсэлтийн дагуу доороо автомашины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болж, зураг төслийг нь өнгөрсөн тавдугаар сард боловсруулжээ. Уг зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, ил болон далд зогсоол, задгай театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг барихаар тусгасан байна.
У.СҮРЭН